Хөрөнгө оруулсны хариуд ОХУ-д оршин суух эрх олгохыг санал болгожээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-20 11:30:05

МОСКВА. /TASS/. Бизнесийн үйл ажиллагаа, нутаг дэвсгэрт нь байдаг үл хөдлөх хөрөнгө, компаниудад хөрөнгө оруулсны хариуд гадны иргэдэд хялбаршуулсан журмаар ОХУ-д оршин суух эрх авах боломж олгосон хуулийн төслийг тус улсын Эдийн засгийн хөгжлийн яам боловсруулжээ. Ингэхийн тулд гадны иргэд доорх шалгуураас дор хаяж нэгийг нь хангасан байх ёстой аж.


Үүнд:

  • 15 сая рублиэс багагүй хөрөнгө оруулалт хийх замаар Оросын компанийг эзэмших эсвэл 50 сая рублийн хөрөнгө оруулалт хийж гадны компанийг эзэмших, ингэхдээ компаниуд дор хаяж 3 жил үйл ажиллагаагаа явуулах ёстой.
  • Хувиараа бизнес эрхлэхдээ 10 сая рублиэс багагүй хөрөнгө оруулалт хийж, дор хаяж 10 хүнд ажил олгох
  • ОХУ-д явагдаж буй бизнесийн үйл ажиллагаанд 15 сая рублийн хөрөнгө оруулалт хийх боломжтой. Ийм нөхцөлд компани ОХУ-д дор хаяж 3 жил үйл ажиллагаагаа явуулах, хамгийн багадаа 6 сая рублийн татвар төлсөн байх, дор хаяж 25 хүнийг ажиллуулдаг байх
  • Оршин суух зөвшөөрөл олгохыг хүсэхээс өмнө гурван жилийн дотор Засгийн газрын бондыг эзэмшсэн, 30 сая рублийн үл хөдлөх хөрөнгийг эзэмшсэн байх

Ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь Оросын эдийн засгийн хөгжил, технологийн шинэчлэлд нөлөөлж, боломжийн цалинтай өндөр бүтээмжтэй ажлын байрыг бий болгоход нөлөөлнө гэж баримт бичигт дурджээ.


Хуулийн төсөлд тусгаснаар, ОХУ-д байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэн нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үнэгүй хамрагдах эрхтэй болох, ОХУ-ын иргэдэд үзүүлж буй нийгмийн халамж үйлчилгээг авах боломжтойгоос гадна зохих зөвшөөрөл авах шаардлагагүйгээр тус улсад ажиллах боломжтой аж. 

Холбоотой мэдээ