11 дүгээр сарын 20-ны дотор өвлийн идшээ дамжуулж авах шийдвэрийг хэвээр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-19 11:11:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-ны орой аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэн тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Энэ үеэр ярилцсан гол асуудлын нэг нь айл өрхүүдийн өвлийн идшээ бэлтгэх тухай байв.

11 дүгээр сарын 16-нд хуралдсан Онцгой комиссын хурлаар өвлийн идэшний мал, махыг Онгийн голын болон баруун постоор нэвтрүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд ингэхдээ малчинтайгаа урьдчилан холбогдож, 11 дүгээр сарын 20-ны дотор аймаг, сумдын хяналтын пост дээр авчруулах, шилжүүлэн хүлээн авах дамжуулалтыг хийхээр шийдвэрлэсэн юм.

Энэ удаагийн хурлаар дээрх шийдвэрийг хэвээр баталсан бөгөөд холбогдох тоон мэдээллийг өдөр тутам нэгтгэж танилцуулахыг Мал эмнэлгийн албанд үүрэг болголоо. Вирусийн тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж, Өвөрхангай аймаг өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа энэ үед Арвайхээр сумын 9 мянган айл өрхөд өвлийн идшээ очиж бэлтгэх зөвшөөрөл олгох нь халдварыг хяналтгүйгээр тараах аюултай учраас арга буюу ийм шийдвэр гаргаж байгаагаа Онцгой комиссын дарга А.Ишдорж хэлж байв.

Холбоотой мэдээ