“G7”-гийн удирдагчид санал зөрөлдөөнтэй байгаа нь ажиглагдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-05-27 10:43:21

НЬЮ-ЙОРК./TASS/. Дэлхийн эдийн засагт учирч буй эрсдэлүүдийн талаар “Их-7”-гийн орнуудын удирдагчид хоорондоо санал зөрөлдөөнтэй байна гэж "Уолл-стрит жорнэл" сонин Японд болж буй тус бүлгийн Дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн хуралдааны талаар дүгнэлт хийжээ.

Аж үйлдвэр хамгийн өндөр хөгжсөн долоон улсын удирдагчид дэлхийн эдийн засгийн өсөлтийн боломжуудын талаар ярилцах явцад дэлхийн эдийн засагт учирч буй эрсдэлүүдийн талаарх тэдний санал бодол зөрүүтэй байгаа нь ажиглагдсан байна.

Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама үг хэлэхдээ “протекционизм буюу гаалийн тариф ашиглан өөрийн орны компаниудыг ивээх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх үүднээс үндэснийхээ валютын ханшийг зориуд унагах бодлого, түүнчлэн “хөршийгөө ядуу байлгах” гэсэн бодлогын улмаас дэлхий дээр байдал улам муудсаар байна” гэж анхааруулжээ.

Сүүлийн саруудад “Их-7”-гийн орнуудын улстөрчид эдийн засгаа дэмжихийн тулд санхүүгийн урамшууллын хөшүүргүүд ашиглаж, мөн бүтцийн шинэчлэл хийх боллоо. Тухайлбал, АНУ, Европын Холбоо болон Япон улс  “мөнгө-зээлийн хэт зөөлөн бодлого” баримтлах болсон тухай “Уолл Стрит Жорнэл” сонинд дурджээ. 7-гийн бүлгийн орнууд Дээд хэмжээний уулзалтынхаа явцад уялдуулан зохицуулсан санхүүгийн арга хэмжээг хэрэгжүүлэх талаар хэлэлцээр байгуулж чадна гэдгийг дээрх жишээ харуулж байна.

Гэсэн хэдий ч G7-гийн Сангийн сайд нарын уулзалтын үеэр иений ханшийн өсөлтийг тогтоон барихын тулд тусгай арга хэрэгсэл ашиглах нь зүйтэй эсэх тал дээр Вашингтон, Токио хоёр нэлээд ширүүн маргалдсан аж. 

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дэлхийн эдийн засгийн хөгжлийн дүр зураг “баргар” байгааг дурдаад Хятадын эдийн засгийн өсөлт саарсан, АНУ-ын бодлогын хүү нэмэгдэж магадгүй гэсэн хүлээлт үүссэн зэрэг эрсдэлүүд үүссэнийг онцлов. Үүнтэй холбогдуулан тэрбээр “эдийн засгийг өсгөхөд чиглэсэн харилцан уялдаа бүхий санхүүгийн арга хэмжээ авах”-ыг “Их-7”-гийн орнуудад уриаллаа. Харин энэ саналыг Герман улс эсэргүүцжээ.

Дээд хэмжээний уулзалтын хоёрдахь өдөр “G7”-гийн удирдагчид Өмнөд Хятадын тэнгист үүссэн хурцадмал байдал болон Украины асуудалд онцгой анхаарал хандуулах төлөвтэй байна.  

Х.Сарнай
 

 

 

Холбоотой мэдээ