Коосэний оюутнууд Японд дадлагажиж, ажиллах ч боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2016-05-26 18:48:21

Өнөөдөр Монгол, Японы соёлын төвд Монгол Коосэн байгууллагаас Японы Коосэн агентлагийн шугамаар манай улсад ирсэн төлөөлөгчид монгол залууст үйлдвэрлэлийн дадлага, ажлын байртай болох боломжийн талаар уулзалт, семинар зохион байгууллаа.

Уг уулзалтад  Монгол, Японы хамтарсан Айзава өндөр даралтын бетон ХХК, Мон шибасаки ХХК-ийн төлөөлөгчид, Хиёо нисэх онгоцны үйлдвэрлэлийн компанийн захирал Сакурай Тацүми, Токиогийн жижиг дунд үйлдвэрлэгч нарын холбооны Оота дахь салбарын Торицү Kоосэнгийн гадаад харилцааны тэргүүн Танака Мотошигэ, ОУ-ын барилгын машин механизмын мэргэжилтний зөвлөлийн орлогч захирал Шираи Хажимэ нар оролцож япон инженерийн шинэ хандлага, Коосэн хоорондын сургалт, технологийн хамтын ажиллагааны эхлэлийн талаар танилцуулав. Мөн Япон компаниудын танилцуулга, Монголд нисэх онгоцны үйлдвэр байгуулах нь зэрэг сонирхолтой сэдвийг хөндлөө.

Энэ үеэр Монгол коосэнгийн зөвлөх Юүжи Наканишитэй уулзаж коосэн загварын техникийн сургалтын талаар сонирхлоо. "Монгол Улсад үүсэн байгуулагдсан Коосэн загварын инженерийн сургууль өнөөдрийн байдлаар Шинэ Монгол коосэн, ШУТИС-ийн Коосэн сургалт, Монгол коосэн гэсэн 3 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ оны 4 дүгээр сард УИХ-аас эдгээр сургуулийг Технологийн коллежийн статустай болгохоор шийдвэрлэсэн. Энд нэг жишээ дурдахад, Японы Мицубиши автомашины компани 100 км-т зарцуулах шатахууны зарцуулалтыг буруу мэдээлсэн учраас уг асуудлыг тодруулахаар ажиллахад уг компанид 7800 жижиг дунд үйлдвэрлэгч бүтээгдэхүүн нийлүүлэн оролцож 410 мянган мэргэжлийн ажилтан байдаг нь ил болсон. Энэ бол маш том бүтэц, нарийн тогтолцоо, мэргэжлийн өндөр ур чадварын нэгдлээс шинэ техник технологи бий болж байдгийг харуулж байна. Өнөөдөр Монгол Улсад жижиг дунд үйлдвэр хүчирхэг болж хөгжөөгүй байна. Коосэн загварын инженерийн мэргэжлээр суралцаж байгаа залуус 4 дүгээр курстээ Японд дадлага хийх бөгөөд тэдэнд ажлын саналыг Японоос ирүүлбэл сургуулиа төгсөөд Японы үйлдвэрт 4-5 жил ажиллах юм. Харин дараа нь эх орондоо ирээд сурсан мэдсэнээ ашиглаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжтой болно. Би Токиогийн Технологийн коллежид механикийн багшаар 43 жил багшилсан. Монгол коосэн коллежид 2 жил зөвлөх багшаар ажиллаж байна. Коосэн коллежийн нэг онцлог давуу тал нь онолын хичээлээс илүүтэй үйлдвэрлэл дээр шууд дадлагажих практик сургалт нь түлхүү байдаг. Монгол хүүхдүүд их идэвхтэй дадлага хийх сонирхолтой, бас гярхай, хурдан сэтгэж чаддаг нь их таалагдсан" гэж ярьж байв.

Монгол дахь коосэн коллежид суралцагчид инженер, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Япон улсын Коосэн загварын инженерийн боловсролыг дадлага давамгайлж эзэмших төдийгүй Японд 4-5 жил мэргэжлээрээ ажиллах боломжтой. Тэд ирээдүйд эх орондоо шинэ технологи, шинэ шинэ ажлын байрыг бий болгох шилдэг мэргэжилтнүүд, үйлдвэрлэгчид болох юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ