"Эрдэнэт” сувиллын цогцолбор найман сарын хугацаанд 196 хүнийг тусгаарлалтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-14 16:02:12
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт” сувиллын цогцолбор гуравдугаар сараас хойш коронавирусний халдвар бүхий улс орноос ирсэн 196 иргэнийг тусгаарлалтад авчээ. Одоо засвартай байгаа тус цогцолборын барилгыг богино хугацаанд ашиглалтад оруулахыг аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас үүрэг болгожээ.  

“Эрдэнэт” сувиллын цогцолборын дарга Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Бид гамшгаас хамгаалах бэлэн байдлын үед тусгаарлах байраар үйлчлэх ёстой. Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн чиг үүргийн дагуу засварын ажил гүйцэтгэгч компанитай зөвшилцөн 11 дүгээр сарын 30 гэхэд засвараа бүрэн дуусгаж, 12 дугаар сарын нэгэнд тусгаарлалтын байрыг бэлэн болгохоор ажиллаж байна. “Эрдэнэт” сувиллын цогцолбор нь энэ оны 3 дугаар сараас хойш 7 удаа 196 хүнийг тусгаарлалтад хүлээн авч ажилласан” гэлээ.

Тус цогцолборын эмч, ажилтнууд өнөөдрөөс эхлэн ажилчдын 28 автобус болон  үйлдвэрийн бүх постод ажилтнуудын биеийн халууныг үзэж, ариун цэвэр, халдваргүйтгэлийн зөвлөгөө өгч байна. Мөн Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүнд дөрвөн эмч ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ