Сумын онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-12 17:35:11

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын удирдлагууд сумдын онцгой комиссын дарга, гишүүдтэй цахим хурал хийж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг өглөө. 

Улс орон даяар 5 хоногийн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ажиллаж буй энэ цаг үед Засгийн газрын болон УОК, аймгийн Онцгой комиссын гаргаж буй шийдвэрүүдийг хэрэгжүүлж, ажилдаа хариуцлагатай хандахыг юун түрүүнд анхаарууллаа.

Цагдаагийн байгууллагаас постод ажиллах алба хаагчдын аюулгүй байдалд маш сайн анхаарч, хоол унд, шатахуунаар дэмжиж ажилла гэлээ. Мөн алба хаагчдыг постод ганцаар ажиллуулахгүй байх, сумын удирдлагууд зөвшөөрлийн бичиг хийж өгөхдөө хариуцлагатай хандахыг зөвлөлөө.


Эрүүл мэндийн байгууллагаас сум бүр шуурхай хариу арга хэмжээний төлөвлөгөөг гаргаж, идэвхжүүлж ажиллах шаардлагатай. Засгийн газар болон мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг иргэддээ мэдээлж, айж сандрах хэрэггүй, гэртээ байж, гараа халдваргүйтгэх, угаах, хүн хоорондын зай барих, амны хаалтаа зүүх гэсэн энгийн зөвлөгөөнүүдийг ягштал биелүүлэхэд нөлөөлөх ажлуудыг хий гэсэн юм. Мөн сумын онцгой комисс сумандаа тусгаарлах байрыг яаралтай гаргах, хүн хүч, техник хэрэгсэл, эм хангамж, эмнэлгийн хэрэгсэл, хөрөнгө мөнгөний нөөцийг сайн бүрдүүлж ажиллах ёстойг сумын удирдлагуудад ЭМГ-ын дарга Р.Гандиймаа хэллээ. 

Холбоотой мэдээ