“Apple”-ийн салбар үйлдвэр 60 мянган ажилчнаа роботоор орлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-05-26 11:47:23

НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн “Apple” компанийн захиалгаар эд ангиуд үйлдвэрлэдэг Hon Hai (Foxconn Technology Group) компани Хятад дахь үйлдвэрийнхээ 60 мянган ажилчныг аж үйлдвэрийн роботуудаар солихоор больжээ.

Энэ шийдвэр нь урт хугацаанд зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилготой аж.

Роботуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр Хятадын Зянсу мужийн Куньшан хотод байрладаг дээрх компанийн үйлдвэрийн ажилчдын тоо 110 мянга байснаа 50 мянга болж огцом буурах юм. Ажилчдаа цомхотгох энэ аргыг тус мужид үйл ажиллагаа явуулдаг өндөр технологийн 600 компани дууриан хэрэглэхээр төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн онд гэхэд эдгээр компаниуд нийтдээ 51 сая ширхэг зөөврийн компьютер, 20 сая орчим ширхэг ухаалаг гар утас үйлдвэрлэжээ.

Роботын өртөг нь ажилчны цалингаас их байдаг нь ойлгомжтой. Гэхдээ автомат төхөөрөмжийг ажиллуулахтай холбоотой урсгал зардал нь маш бага байдаг учраас цаг хугацааны явцад аажмаар өртгөө нөхөж чаддаг. Тухайлбал, McDonald's  компанийн захирал асан Эдвард Ренси-гийн ярьснаар “35 мянган доллароор робот худалдан авах нь шарсан төмс бэлтгэж цагт 15 долларын цалин авдаг хүнийг хөлслөн ажиллуулснаас хямд тусна. Тэгээд ч ажилчин хүний бүтээмж нь роботынхоос бага байдаг” аж.

1976 онд байгуулагдсан Apple компани iPhone ухаалаг гар утас, iPad планшет, iPod хөгжим тоглуулагч, iMac зөөврийн болон ширээний компьютер болон өндөр технологийн бусад төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг билээ. Тус компанийн зах зээл дэх хөрөнгийн үнэлгээ нь 530 тэрбум долларт ажээ. 

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ