БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Жо Байдентай утсаар ярьж, баяр хүргэлээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-11-12 11:41:22

СӨҮЛ. /Yonhap/.  БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн таамаглалаар тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь тодорхой болсон Жозеф Байдентай өнөөдөр утсаар ярилаа.


“Жо Байдентай дөнгөж сая утсаар ярьж, сонгуульд ялсанд нь баяр хүргэлээ. Өмнөд Солонгос-Америкийн бат бэх хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлнэ гэдгээ, түүнчлэн Солонгосын хойгт энх тайван цогцлоохын төлөө байгаа гэдгээ бид дахин нотоллоо” гэж Мүн Жэ Ин “Twitter” хуудсандаа бичсэн байна. Тэрбээр мөн тус улс АНУ-тай коронавирус, цаг уурын асуудлаар үргэлжлүүлэн хамтран ажиллана гэж нэмж дурджээ.


АНУ-ын бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болсон билээ. Тус улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх хэрэгслүүдийн таамаглаж байгаагаар, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден ялахын тулд авах шаардлагатай 270 саналыг авсан байна. Тэрбээр сонгуульд ялснаа хэдийнээ мэдэгдсэн бол Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд санал тоолох ажлыг бүрэн гүйцэд дууссан гэж үзэх боломжгүй гэж мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ