ШХАБ-ын удирдагчид дээд хэмжээний уулзалтын дараа багц баримт бичгийг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-11 14:53:40

МОСКВА. /RIA Novosti/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт мягмар гарагт видео хурал хэлбэрээр боллоо. Уулзалтын дүнд коронавирустэй тэмцэх цогц төлөвлөгөө бүхий багц баримт бичгийг баталжээ. 


“Бидний уулзалтад зориулж нэлээд их баримт бичгийг багцлан бэлтгэсэн бидний туслахууд, ажилтнуудад талархал илэрхийлье. ШХАБ-ын орон зай дахь төдийгүй дэлхий даяарх байдлыг бүхэлд нь нэгтгэн дүгнэсэн үнэлгээ, ОХУ-ын даргалах хугацаанд хийсэн ажлыг нэгтгэсэн дүгнэлт болон байгууллагын цаашдын үйл ажиллагааны удирдамж тодорхой заагдсан гол үр дүнгүүд Москвагийн тунхаглалд багтсан" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уулзалтыг хааж үг хэлэхдээ мэдэгджээ.


Тэрбээр мөн Төрийн тэргүүн нарын зөвлөлийн есөн шийдвэрийг бэлтгэсэн болохыг онцлон дурдав. “Тухайлбал, 2021-2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, цар тахалтай тэмцэх, олон улсын хэд хэдэн байгууллагатай хийх ШХАБ-ын хамтын ажиллагааны талаар шийдвэр гаргалаа. Үүнээс гадна, бид Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 75 жилийн ойд зориулсан болон коронавируст халдвартай хамтран тэмцэх, дижитал эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай зэрэг зургаан мэдэгдлийг батлах ёстой” гэж Путин хэлсэн байна.


Хуралд дүрс бичлэгээр холбогдож оролцсон удирдагчид баримт бичигт гарын үсэг зуржээ.


Холбоотой мэдээ