Перугийн парламент Ерөнхийлөгчөө огцруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-10 15:46:55

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Перу улсын парламент тус улсын Ерөнхийлөгч Мартин Вискарраг даваа гаргийн орой авлигын хэргээр огцрууллаа. Санал хураалтыг хууль тогтоох байгууллагын "Youtube" сувгаар шууд дамжуулжээ.


"Маргааш (Мягмар гараг) 17:00 цагт Перу улсын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болно" гэж тус улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх үүргийг хүлээж буй парламентын дарга Мануэль Мерино де Лама хурлын дараа мэдэгдсэн байна.


Мартин Вискарраг огцруулах шийдвэрийг 130 депутатаас 105 нь дэмжсэн бол 19 нь эсэргүүцэж, дөрвөн хүн түдгэлзсэн байна. Төрийн тэргүүнд импичмент зарлахад 87 депутатын санал шаардлагатай байжээ.


Есдүгээр сарын эхээр Перугийн парламент албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр Вискарраг огцруулахаас татгалзсан юм.


Харин энэ удаад түүнийг Мокегуа мужийн захирагчаар ажиллаж байх үедээ (2011-2014) авлига авсан хэрэгт буруутгажээ. Тодруулбал, мужийн эмнэлэг болон дэд бүтцийн өөр нэг объект барих гэрээг байгуулахдаа 2.3 сая перугийн шинэ давс /Перугийн үндэсний мөнгөн тэмдэгт/ буюу 630 мянга гаруй ам.долларын хээл хахууль авсан гэж буруутгаж байгаа юм. Харин Вискарра өөрийг нь буруутгаж буй хэргийг эрс няцааж байгаа бөгөөд мөрдөн байцаагчидтай хамтран ажилладаг бизнес эрхлэгчдийн мэдүүлэгт үндэслэсэн гэж мэдэгджээ.


2016 оноос хойш дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Вискарра 2018 оны гуравдугаар сард мөн импичмент зарлан албан тушаалаас нь огцруулж байсан Ерөнхийлөгч асан Педро Кучинскийн оронд төрийн тэргүүний албан тушаалд томилогдсон байна.


Холбоотой мэдээ