Лос-Анжелест жагсаалд оролцсон хүмүүст шинжилгээ өгөхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-11-10 15:42:09

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Лос-Анжелес хотод сүүлийн өдрүүдэд болсон баярын болон эсэргүүцлийн жагсаалд амны хаалтгүйгээр, зайнаас харилцах дүрэм журмыг баримтлахгүйгээр оролцсон хүмүүс коронавирусний шинжилгээ өгч, 14 хоног тусгаарлагдах хэрэгтэй гэж тус хотын Эрүүл мэндийн газрын дарга Барбара Феррер мэдэгджээ.


Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Б.Феррер өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болсны дараа “COVID-19” халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдсэнийг анхааруулсан байна.


“Хэрэв та тэдгээр цуглаанд оролцох үедээ амны хаалтгүйгээр дуулсан юм уу, хашхирч эсэргүүцлээ илэрхийлсэн бол, мөн зайнаас харилцах дүрэм журмыг баримтлаагүй бол коронавирусээр халдварласан байх эрсдэлтэй юм. Ийм тохиолдолд та өөрийгөө тусгаарлаж, шинжилгээ өгөх хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ.


Лос-Анжелест сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1413 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 323625-д хүрчээ. Мөн өнөөдрийн байдлаар 855 хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Холбоотой мэдээ