Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын гуравдугаар илтгэлийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-10 13:45:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн Ажлын багийн 36 дугаар чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний гуравдугаар илтгэлийг энэ сарын 4-нд хэлэлцсэн тухай Гадаад харилцааны яам мэдээлэв.


Женев хотноо энэ сарын 2-13-нд болж буй тус хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржоор ахлуулсан яамдын болон жендерийн үндэсний хороо, УЕПГ, ЦЕГ, ШШГЕГ, ЭМДЕГ, ХӨСҮТ, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг байгууллагын төлөөлөгч цахимаар оролцож, гишүүн улс орнуудаас тавьсан асуултад хариулж, мэдээлэл өглөө.


Энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын гишүүн 71 улсын төлөөлөл асуулт тавьж, нийгмийн эмзэг бүлэг, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх  зэрэг асуудлаар нийт 190 зөвлөмж өгөв.


Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцсэн тухай UPR-ийн Ажлын хэсгийн тайлангийн “Зөвлөмж”-ийн хэсгийг 11 дүгээр сарын 6-нд баталлаа.


Ажлын багийн эцсийн тайланг ирэх 2021 оны 3 дугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 46 дугаар чуулганаар хэлэлцэн батлах бөгөөд мөн үеэр манай улс бусад улсаас өгсөн зөвлөмжүүдийн талаарх байр сууриа илэрхийлэх юм.


Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR – Universal Periodic Review) нь НҮБ-ын гишүүн 193 орны хүний эрхийн төлөв байдлыг 4,5 жил тутам дүгнэн хэлэлцдэг механизм юм. Монгол Улс хүний эрхийн төлөв байдлын талаарх анхдугаар илтгэлээ 2010 оны 11 дүгээр сард, хоёрдугаар илтгэлээ 2015 оны 5 дугаар сард тус тус хэлэлцүүлсэн билээ.

Холбоотой мэдээ