Байденд баяр хүргээгүй байгаа улс орнуудын удирдагчид

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-11-10 11:35:13

ВАШИНГТОН. /BBC/. Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад шаардлагатай саналын тоог өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт авсны дараа дэлхийн олон орны удирдагч түүнд яаравчлан баяр хүргэсэн юм.


Гэвч бүгд ийм шийдвэр гаргаагүй бөгөөд хэн хэн баяр хүргээгүй байгааг танилцуулъя. Зарим удирдагчийн хувьд Дональд Трампад баяр хүргэж, сонгуулийн будлианы талаарх түүний хийсэн батлагдаагүй мэдэгдлийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин

Дөрвөн жилийн өмнө Владимир Путин нь Д.Трампад хамгийн эхэнд баяр хүргэсэн хүмүүсийн нэг байсан боловч энэ удаа Ж.Байденд “Twitter”, “Telegram”, утасны дуудлагын алинаар нь ч баяр хүргээгүй байна.



Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр, ийнхүү хойшлуулж буй нь Д.Трампын кампанит ажлын баг зарга мэдүүлсэнтэй холбоотой ажээ.  “Бид сонгуулийн албан ёсны дүнг хүлээхийг зөв шийдвэр гэж үзэж байна” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдээлжээ.


Харин “BBC” сувгийн Москва дахь сэтгүүлч Стив Розенбергийн хувьд Москва сонгуулийн дүнг таатай хүлээн аваагүй тул баяр хүргээгүй байгаа хэмээн таамагласан байна.


Ж.Байден нь Москваг хүчтэй шүүмжлэгч нэгэн бөгөөд саяхан ОХУ-ыг Америкийн хамгийн том аюул занал гэж тодорхойлжээ.


Д.Трампын хувьд ОХУ болон В.Путинийг шүүмжлэх нь ховор байсан юм. Мөн ОХУ Д.Трампын сонгогдсон 2016 оны сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгагдаж байсан билээ.


Словенийн Ерөнхий сайд Янез Янша

Д.Трампыг дэмжиж байгаагаа ил тод илэрхийлж байсан Я.Янша АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчид лхагва гарагт буюу саналын хуудсын тооллого дуусах яагаачгүй байхад баяр хүргэжээ.



Түүнээс хойш Словенийн Ерөнхий сайд АНУ-ын Ардчилсан намынхны сонгуулийн будлианы талаар удаа дараа мэдэгдэл хийжээ.


Харин бямба гарагт тэрбээр сонгуулийн дүнтэй эвлэрсэн байдалтай мэдэгдэл хийж, АНУ-ыг Словенийн стратегийн түнш хэмээн тодорхойлоод, ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон найрсаг харилцаа үргэлжилнэ гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч Ж.Байденд баяр хүргэсэн мэдэгдэл хийгээгүй хэвээр байна.


Я.Янша нь хэт барууныг баримтлагч, цагаачлалын эсрэг байр суурь баримталдаг Ардчилсан намаас сонгогдсон бөгөөд Д.Трампыг дэмжиж байгаагаа өмнө нь илэрхийлж байсан Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны холбоотон юм.


Д.Трампын гэргий Меланья Словени гаралтай юм. Словенийн Ерөнхийлөгч Борут Пахор болон тус улсын бусад удирдагчийн хувьд Ж.Байденд В.Орбаны нэгэн адил баяр хүргэжээ.


Эстонийн Дотоод хэргийн сайд Март Хельме

М.Хельме өөрийгөө, өөрийн хүү Сангийн сайд Мартин Хельме нарыг огцорч байгаа талаар даваа гарагт мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын сонгуульд будлиан гарсан талаар ням гарагт радиогийн ярилцлагын үеэр хэлснийхээ дараа ийнхүү огцорчээ.


М.Хельме Ж.Байден, түүний хүү Хантер нарын эсрэг авлигын талаарх батлагдаагүй мэдэгдлийг удаа дараа хийсэн байна. Мөн түүний хүү “бүх энгийн иргэн худал хуурмагийн эсрэг дуу хоолойгоо өргөх хэрэгтэй” гэж хэлжээ.


Харин Эстонийн Ерөнхий сайд Юри Ратасын хувьд М.Хельме болон түүний хүүг шүүмжлээд, Ж.Байденд баяр хүргэжээ. Гэвч түүнд эрх мэдлээ хадгалан үлдэхэд намынх нь дэмжлэг хэрэгтэй тул тэднийг албан тушаалаас нь огцруулаагүй байна.


“Би Эстонийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн “гүтгэлгийн” улмаас огцорч байна” гэж М.Хельме мэдэгджээ.


Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару

Д.Трампын холбоотон гэж үздэг Ж.Болсонару одоогийн байдлаар Ж.Байденд баяр хүргээгүй байгаа нь гайхах зүйл биш юм.



Тэрбээр АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан түүнтэй маргалдаж байсан удаатай. Сонгуулийн мэтгэлцээний үеэр Ж.Байден АНУ Амазоны ойг илүү сайн хамгаалах чиглэлд Бразилд түлхэц үзүүлэх хэрэгтэй гэж хэлснийг Ж.Болсонару “аюултай, шаардлагагүй” гэж үзсэн байна.


Бразилын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Засгийн газрын эх сурвалжуудын мэдээллийг иш татан уламжилснаар, Ж.Болсонару Д.Трампын заргатай холбоотой шүүхийн шийдвэр гарсны дараа уг асуудлын талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ.


Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор

А.Обрадор нь Д.Трамп цагаачлалын талаар хатуу байр суурь баримталдгийг хийгээд хоёр орны хилийн дагуу хана барих амлалт өгснийг үл харгалзан түүнтэй сайн харилцаагаа хадгалахыг эрмэлзэж буй өөр нэгэн Латин Америкийн орны удирдагч юм.


Мексикийн удирдагч АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хянуур хандаж байгаа бөгөөд “хуулийн бүх асуудал” шийдвэрлэгдэх хүртэл хүлээнэ гэдгээ ням гарагт мэдэгдсэн байна.


“Бид бодлогогүй, хөнгөн хуумгай хандахыг хүсэхгүй байна” гэж А.Обрадор хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглээд, манай улс хоёр нэр дэвшигчийн хэн хэнтэй “маш найрсаг харилцаатай” гэж мэдэгджээ.


Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху

Б.Нетаньяху нь Д.Трамптай ойр дотно харилцаатай гэдгээ нууж байгаагүй удирдагчдын нэг юм. Хэдийгээр тэрбээр Ж.Байденд баяр хүргэсэн боловч түүний мэдэгдэлд “ерөнхийлөгчөөр сонгогдоод буй”, “дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод буй” хэмээх үг байхгүй байсныг ажиглагчид онцолжээ.



“Би Жо Байден, Камала Харрис нарт баяр хүргэж байна. 40 орчим жилийн турш би Жо Байдентай хувийн, урт удаан, найрсаг харилцаатай байсаар ирсэн бөгөөд түүнийг Израилын анд нөхөр гэдгийг нь мэднэ” гэж Б.Нетаньяху дүрс бичлэгээр дамжуулан хийсэн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.


Мөн Б.Нетаньяху энэхүү мэдэгдлийнхээ төгсгөлд Д.Трамп Израил улстай болон өөртэй нь найрсаг харилцаж байсанд, Израилын нийслэлээр Йерусалим хотыг хүлээн зөвшөөрсөнд, Ираны эсрэг хатуу байр суурь баримталсанд талархал илэрхийлжээ.


Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман

М.Салман Ж.Байденд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн боловч ням гарагт буюу сонгуулийн дүнгийн талаарх мэдээ гарснаас 24 цагийн дараа мэдэгдэл хийжээ. Ойрхи Дорнодын орнуудын бусад удирдагчийн хувьд бямба гарагт баяр хүргэсэн юм.


Харин М.Салман Танзанийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Жон Магуфулид тухайн өдөр нь баяр хүргэсэн байна.


Ж.Байден АНУ-Саудын Арабын харилцааг, ялангуяа Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэг, Йемен дэх иргэний дайн зэрэгтэй холбоотой асуудлуудыг эргэн нягтлахаа амласан билээ.


БНХАУ-ын дарга Ши Жиньпин

Ши Жиньпин 2016 онд Д.Трампад саналын тоогоор ялалт байгуулсных нь дараа баяр хүргэж байв. Гэвч БНХАУ энэ удаа АНУ-ын сонгуулийн дүнтэй холбоотой ямар нэгэн мэдэгдлийг өдийг хүртэл хийгээгүй байна.


Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь Ж.Байден ялалт байгуулснаа зарласан талаар тэмдэглэсэн боловч Бээжин “АНУ-ын хууль тогтоомж, процедуруудыг” ажиглана гэж мэдэгдсэн байна.


Ж.Байден Хятадыг чиглэсэн илүү буурьтай бодлогыг баримтлахын сацуу хатуу байр суурийг хадгалах төлөвтэй байгаа юм.


Д.Трампын хувьд БНХАУ-ыг коронавирусний халдварын асуудлаар эрс шүүмжилж, Хятадын бараа бүтээгдэхүүнүүдэд татвар тогтоосноор худалдааны дайны оролцогч болсон билээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун

Ким Жөн Ун АНУ-ын сонгуулийн дүнгийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд даваа гаргийн өглөө БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн талаар огт мэдээлээгүй байна.


Гэсэн хэдий ч Д.Трампыг 2016 онд ялалт байгуулах үед хоёр өдрийн дараагаас мэдэгдэл хийж байсан юм.



Д.Трамп, Ким Жөн Ун нар гурван удаагийн уулзалт хийсэн боловч харилцаа зөөлрөөгүй, ширүүн хэвээр байна.


Гэвч Ж.Байден Ким Жөн Уныг танхай хэмээн тодорхойлоод, түүнтэй хувийн дипломат харилцаа тогтоох сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ. Харин БНАСАУ-ын удирдагчийн хувьд Ж.Байденыг “сэтгэх чадвар муутай тэнэг” гэж нэрлэжээ. 

Холбоотой мэдээ