Карабахын асуудлаар ажлын хэсэг байгуулах санал тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-09 14:51:38

АНКАРА. /TASS/. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Уулын Карабахын байдлыг зохицуулах хамтарсан ажлын хэсэг байгуулахыг ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинд санал болгожээ.


Ийм мэдээллийг “CNN Turk” телевиз Туркийн дипломат эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилсан байна. Тус сувгаар мэдээлж буйгаар, Туркийн Ерөнхийлөгч 11 дүгээр сарын 7-нд Путинтэй утсаар ярих үеэрээ дээрх саналыг тавьжээ.


Хамтарсан ажлын хэсэг ойрын өдрүүдэд ажлаа эхэлж магадгүй гэж мэдээлж байна. Хэрэв ийм ажлын хэсэг байгуулагдвал ЕАБХАБ-ын Минскийн бүлгээс гадуур хэлэлцээ хийх өөр платформ бий болох юм.


Турк болон ОХУ-ын эрх баригчид дээрх мэдээлэлд одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна.


Уулын Карабахын асуудлаас үүдэлтэй мөргөлдөөн энэ оны есдүгээр сарын 27-ноос эхэлж, талууд гал зогсоох тохиролцоонд гурван ч удаа хүрсэн боловч мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм.


ЗХУ-ын үед Уулын Карабах нь Азербайжаны нутаг дэвсгэр дотор өөртөө засах эрхтэй муж байв. 1988 онд Уулын Карабахын өөртөө засах муж Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч буйгаа мэдэгдсэний дараа Карабахын мөргөлдөөн эхэлжээ. 1992-1994 онд болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр Азербайжан Уулын Карабах болон түүнтэй зах нийлсэн долоон нутагт хяналтаа алдсан байна. Карабахын мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах хэлэлцээг ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн хүрээнд 1992 оноос хойш явуулж буй юм. Тус бүлгийг ОХУ, АНУ, Франц улс хамтран даргалдаг байна. 

Холбоотой мэдээ