Гүржид жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн гэх мэдээллийг няцаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТБИЛИСИ. /TASS/. Гүржийн Сонгуулийн төв хорооны /СТХ/ дэргэд жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн гэж хэвлэлүүд мэдээлснийг тус улсын Дотоод хэргийн дэд сайд Кахабер Сабаназе няцаав.
“Худал мэдээлэл цацагдаж байна. Цагдаа нар хий хэрэглээгүй гэдгийг онцолж хэлмээр байна" гэж Сабаназе ням гарагт мэдээлэл хийхдээ хэлээд, жагсаал зохион байгуулагчид СТХ-ны байрны хашаагаар нэвтрэхийг оролдсоны дараа цагдаа нар хүч хэрэглэсэн гэж тэмдэглэн хэлсэн байна.
Өмнө нь Гүржийн “Mtavari Ark” сувгаар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн гэж мэдээлжээ.
СТХ-ны дэргэд эсэргүүцлийн ажиллагаа болохоос өмнө парламентын ордны ойролцоо жагсаал болсон байна. Сөрөг хүчнийхэн СТХ-ны дарга Тамар Жваниаг огцруулахыг шаардсан бичгийг эрх баригчдад хүргүүлжээ. Сөрөг хүчний шаардлагыг харгалзаж үзээгүй тул дэмжигчид нь СТХ-ны байр руу очсон байна.
Гүржийн парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, пропорционал тогтолцоогоор 120 депутатыг, мажоритар тогтолцоогоор 30 депутатыг сонгожээ. Өмнө нь пропорционал тогтолцоогоор 77, мажоритар тогтолцоогоор 73 депутатыг сонгож байсан байна. Парламентын 150 суудлын төлөөх өрсөлдөөнд 48 нам, улс төрийн хоёр эвсэл оролцсон байна. Саналын бүх хуудсыг тоолж дууссаны дараах байдлаар эрх баригч “Гүржийн мөрөөдөл-Ардчилсан Гүрж” нам 48.23 хувийн санал авчээ. Хоёрдугаарт, “Нэгдсэн сөрөг хүчин, Эв нэгдлийн хүч" эвсэл 27.18 хувийн санал авч орсон байна. СТХ-ных нь мэдээлснээр, санал хураах байрууд хаагдах үед сонгуулийн ирц 56.11 хувьтай байжээ.
Нэг мандат бүхий 30 тойргийн 13-т нь "Гүржийн мөрөөдөл" намаас нэр дэвшигчид 50-иас дээш хувийн санал авч, эхний шатанд ялжээ. Үлдсэн 17 тойрогт нь 11-р сарын 21-нд хоёр дахь шатны сонгууль болно.
Гүржийн сөрөг хүчин сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шинэ парламентад орохоос татгалзсан байна.