АНЭУ-ын эрх баригчид иргэддээ согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-09 10:05:20

КАИР. /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт улсад (АНЭУ) одооноос эхлэн архи, согтууруулах ундаа хэрэглэх, гэрлэлтийн баталгаагүйгээр хамтран амьдрах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдохоо больж байна. “The National” сонинд ням гарагт мэдээлснээр, тус улсын Ерөнхийлөгч Халиф бен Заид Аль Нахайян хувийн статусын тухай хууль, холбооны эрүүгийн хууль болон холбооны эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталжээ. Энэ нь гэр бүл салалт, өв залгамжлах журмаас эхлээд согтууруулах ундааны хэрэглээг хамарсан хууль эрх зүйн бүхий л тогтолцоонд сүүлийн жилүүдэд хийсэн томоохон шинэчлэл болж буй юм.


Зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа хэрэглэх тухайд

“The National” сонинд тэмдэглэж буйгаар, “яаралтай хэрэгжүүлж эхлэх хуулиуд нь жуулчид болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмж татах, мөн Эмирт улсын иргэдэд зориулсан журмыг хялбарчлахад чиглэжээ”. Тодруулбал, зохих тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зүйл ангийг хүчингүй болгосон нь согтууруулах ундааг хувийн хэвшлийн, эсвэл тусгайлан тогтоосон газарт хэрэглэсэн, хадгалсан, худалдсан тохиолдолд эдгээр газруудад тусгай зөвшөөрөлгүй этгээдэд эрүүгийн хариуцлагад татахгүй гэсэн үг юм. Үүний зэрэгцээ 21 насны хязгаар хэвээр байна. Насанд хүрээгүй хүмүүст согтууруулах ундаа зарж байгаад баригдсан хүн хуулийн дагуу шийтгэл хүлээнэ.


АНЭУ-д согтууруулах ундааны хэрэглээнд тавьсан хязгаарлалтыг 2018 оноос аажмаар цуцалж байгаа юм. Тухайн үед тус улсын эрх баригчид шашны баярын өмнөх өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэх, худалдахыг хориглодог байсан “хуурай өдрүүд”-ийг цуцалжээ. Түүнчлэн энэ оны есдүгээр сард дэлгүүр, баар, ресторанаас архи, согтууруулах ундаа худалдаж авахыг зөвшөөрдөг тусгай картыг цуцалсан байна. Дубайд картын систем саяхныг хүртэл үйлчилж байв. Жуулчид мөн түр зөвшөөрөл авдаг байжээ.


Гэрлэлтийн баталгаагүйгээр хамтран амьдрах тухайд

Үүнээс гадна, “Grazia” хэвлэлд мэдээлснээр, ураг төрлийн холбоогүй эсвэл гэрлээгүй хосуудыг хамтран амьдрахыг одооноос эхлэн зөвшөөрнө. 14-өөс дээш насныханд харилцан зөвшөөрсөн харилцааг гэмт хэрэгт тооцохгүй. Үүний зэрэгцээ насанд хүрээгүй хүүхдүүд, сэтгэцийн эмгэгтэй хүмүүст халдсан тохиолдолд оноох ялыг чангатгасан байна. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд цаазаар авах ял онооно. Эмэгтэйчүүдийг дарамтлах, бэлгийн дарамт үзүүлэхэд илүү хатуу шийтгэл ногдуулахаар болсон байна. 


Холбоотой мэдээ