АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обама, Б.Клинтон, Ж.Картер нар Ж.Байденд баяр хүргэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын
Ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон, Жимми Картер нар ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь Жозеф Байденд баяр хүргэжээ.
“Бүх саналыг тоолж
гаргахад шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ж.Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис
нар итгэл төгс ялалт байгуулж байна” хэмээн Б.Обама цохон тэмдэглэжээ.
“Дараагийн Ерөнхийлөгч Ж.Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нарт баяр хүргэхээс илүү хүндтэй зүйл гэж надад үгүй. Түүнчлэн дараагийн дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх албан тушаалд сонгогдсонд нь Камала Харрист баяр хүргэх нь миний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн Б.Обама “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Ж.Байден америкчуудын ашиг сонирхолд нийцүүлэн үүргээ гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа Б.Обама илэрхийлэхийн сацуу түүнд боломж олгож, дэмжлэг үзүүлэхийг АНУ-ын иргэдэд уриалжээ. “Мишель Обама бид хоёр дараагийн ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарт бүхий л чадлаараа туслах болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
“Бидэнд зүтгэх, биднийг нэгтгэх ерөнхийлөгч
болон дэд ерөнхийлөгчтэй боллоо. Ж.Байден, К.Харрис нарт гайхалтай ялалт
байгуулсанд нь баяр хүргэж байна” хэмээн Б.Клинтон онцлон тэмдэглэжээ.
Харин АНУ-ын 39 дахь Ерөнхийлөгч Жимми Картер хэлэхдээ, сонгуулийн өмнөх
кампанит ажлаа маш амжилттай явуулснаар нь бид тэднээр бахархаж байна гэжээ. Тэднийг
эерэг өөрчлөлт авчрахыг нь тэсэн ядан хүлээж байна гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна.