Сурагчид даваа гараг бүрийн хичээлээ төрийн дууллаар эхэлдэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-05 16:22:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аяныг өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдрөөс орон даяар өрнүүлж байгаа.

“Улс тунхагласны баярын өдөр”-ийг хүртэл үргэлжлэх уг аян нь Эх оронч сэтгэлгээ, төрт ёсоо дээдлэх үзлийг өсвөр үеийнхэнд төлөвшүүлэх зорилготой.

Төрийн дууллыг бага насны хүүхдүүд, сурагчдад зааж сургах, агуулга, мөн чанарыг ойлгуулах ажлыг Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургууль 44, 50 цэцэрлэг заах аргын нэгдэл, секцээрээ төлөвлөлт хийж хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд хүүхдүүд даваа гараг бүрийн хичээлээ Төрийн дууллаар эхлэхийг хэвшил болгожээ.

«Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болох Төрийн дууллыг зөв зохистой, хүндэтгэлтэйгээр эгшиглүүлэх, анги танхимуудад төрийн бэлгэ тэмдгийг залах, хүндэтгэлийн болон цэрэг эх орны булан байгуулах, түүгээрээ дамжуулан сурагчдад эх оронч хүмүүжил олгоход анхаарал тавьж байна. Уг ажил нь зөвхөн аяны хугацаанд биш цаашид уламжлал болж үргэлжлэн явна» хэмээн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Х.Серикбол хэллээ.

Холбоотой мэдээ