АНУ-д саналаа урьдчилан өгсөн сонгогчийн тоо 101 сая давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-11-04 08:37:43

ВАШИНГТОН. /VOA/. Дэлхий дахинд коронавирусний цар тахал дэгдээд байгаа энэ үед АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 101 сая гаруй хүн саналаа урьдчилан өгчээ. Энэ нь 2016 оны сонгуулийн ирцийн гуравны хоёрыг давсан үзүүлэлт юм.


2020 оны сонгуульд саналаа эрт өгсөн хүний тоо ийнхүү өндөр байгаагаас үзэхэд сонгуулийн ирц 150 саяыг давж магадгүй гэж зарим шинжээч үзэж байна. Гэвч шуудангаар өгсөн саналыг хэзээ тоолохыг муж улс бүрийн хууль тогтоомжоор шийдэх тул сонгуулийн дүн хожуу юм уу хэдэн өдрийн дараа ч гарч болзошгүй байна.


Саналаа эрт өгсөн сонгогчдын гуравны хоёр нь шуудангаар, үлдсэн нь санал авах байранд биечлэн ирж өгчээ. АНУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдлын тоо өдөрт 90 мянга гаруйгаар нэмэгдэж буйтай холбоотойгоор сонгогчид санал хураалтын өдөр саналаа өгөхөөс зайлсхийн ийнхүү эрт өгч байгаагаа хэлжээ.


Ташрамд дурдахад, Америкчууд төрийн тэргүүнээрээ 70 гаруй насны хоёр эрхмийн аль нэгийг сонгоно. АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2021 оны нэгдүгээр сарын 20-нд болох бөгөөд тухайн үед Дональд Трамп 74 настай, Жо Байден 78 настай байх юм. Тэдний хэн нь ч ялалт байгуулсан АНУ-ын хамгийн өндөр настай төрийн тэргүүн болно. 

Холбоотой мэдээ