Туркт хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2020-10-31 09:12:07

АНКАРА. /Anadolu/. Туркийн баруун нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 24 болж нэмэгдэж 800 гаруй хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын Онцгой байдал, байгалийн гамшгийн агентлаг мэдээлэв.


Өмнө нь 20 хүн амиа алдаж, 786 хүн гэмтсэн гэж мэдээлж байв. Баасан гаргийн үдээс хойш Туркийн баруун нутагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн төв нь Измир мужийн Сеферихисар хотын ойролцоо Эгийн тэнгист байжээ. Газар хөдлөлт жижиг цунами үүсгэж, Сеферихисар хотын эргийн гудамжууд үерт автсан байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоох Грекийн арлуудад мэдрэгдсэн бөгөөд тус улсын судлаачид газар хөдлөлтийн хүч нь 6.9 магнитуд байсан гэж тооцжээ.


Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Самос арал дээр хоёр хүүхэд амиа алдаж, 20 хүн гэмтсэн байна.


Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган байгалийн гамшигтай холбогдуулан үг хэлэх үеэрээ хоёр улс гамшигтай нүүр тулах үед Анкара, Афины эв санааны нэгдэл "амьдралын олон зүйлээс илүү үнэ цэнтэй" гэж мэдэгджээ. 


Туркийн аврагчид 10 гаруй цагийн турш аврах ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар нурсан байшингуудын доороос 70  орчим хүнийг авраад байгаа аж.





 


Холбоотой мэдээ