Батлан хамгаалахын салбарт 2.7 тэрбум төгрөгийн цалингийн дутагдал үүсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-27 17:36:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.


Төсвийн төслийн танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хийлээ. Монгол Улсын Засгийн газраас коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээнүүдийн үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг баримтлахаар төсвийн төсөлд тусгасан байна.


Ирэх оны төсвийн төсөлд татварын хувь хэмжээг хадгалах, гааль татварыг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглан бүртгэл, хамрагдалтыг нэмэх, гааль татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх, аливаа татвараас зайлсхийх явдлыг бууруулан татварын тэгш, шударга орчин бүрдүүлэх бодлогыг баримталсан талаар Сангийн сайд танилцуулав. Түүнчлэн 2021 оноос Засгийн газраас эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлснээр тус салбаруудын хүнд суртал, чирэгдэл, дараалал, чанаргүй үйлчилгээ, хувь хүнд учирдаг төлбөрийн дарамтыг бууруулж, харин үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр үр шимийг нь монгол хүн бүрд хүртээх чиглэлд чухалчлан авч үзсэн гэдгийг Сангийн сайд хэллээ.


Төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ирэх онд улам идэвхжүүлж, төрийн цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэх юм байна.


Коронавируст халдварт цар тахлын аюул үргэлжилсээр байгааг тооцоолон, эрэлтийг дэмжих зорилгоор эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжихээр 2020 онд хэрэгжүүлсэн зарим ажлыг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмсэн, нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмж 288 мянган төгрөг болгосон шийдвэрийг коронавируст халдварт цар тахлын хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Дээрх бодлогын үр дүнд төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулсан болохыг танилцуулав.


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис танилцуулав.


Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 8.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 2 төсөл хэрэгжүүлэхээр төсөвлөсөн байна. Үүнд: Элчин сайдын яамд болон Дипломат төлөөлөгчдийн газруудын байрны их засварын ажлын 3 тэрбум, тоног төхөөрөмж худалдан авах 1.3 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Батлан хамгаалахын сайдын 2021 оны төсвийн төсөлд нийт зарлага ба цэвэр зээлийг 286.6 тэрбум төгрөг төсөвлөсөн нь 2020 онтой харьцуулахад 1 тэрбум төгрөгөөр багассан байна. Үндэсний аудитын газраас нэгдсэн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлэх, төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвөлгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна гэж үзжээ.


Батлан хамгаалах салбарын хувьд нарийн мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай байдаг. 2021 онд гадаадад нарийн мэргэжлээр суралцаж байгаа 570 офицер төгсөж ирнэ. Үүнтэй холбоотойгоор 2.7 тэрбум төгрөгийн цалингийн дутагдал үүсэж байгааг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг хэлэв. Харин гадаад харилцааны салбарын хувьд валютын ханшийн зөрүүнээс үүдэн төсвийн зарцуулалтад хүндрэл үүсдэг байна. Тухайлбал, хилийн чанадад байгаа 46 дипломат төлөөлөгчийн газрын зардлыг ам.доллараар төлдөг. 2020 оны эхэнд ам.долларын ханшийг 2670 төгрөгөөр тооцож байсан ч өнөөдрийн байдлаар 2835 төгрөгөөр тооцож, санхүүжилтээ шилжүүлж байна. Үүнээс үүдэн урсгал зардал нэмэгдсэн байгааг Гадаад харилцааны яамны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Х.Алтантуяа хэлэв.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд “2021 онд гадаад дотоодын академи, их дээд сургууль төгссөн, төгсөн ирэх цэргийн албан хаагчдын цалин хөлс, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд шаардагдах 2.7 тэрбум төгрөгийг нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр шийдвэрлэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ.


Мөн УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төсвийн зардлын ангилалд “мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний зардал” гэсэн заалт нэмж тусгах зарчмын зөрүүтэй санал гаргасныг олонх дэмжлээ. Ийнхүү байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ