ОХУ-д коронавирустэй тэмцэх арга хэмжээг чангаруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-10-27 15:55:05

МОСКВА. /RIA Novosti/. Роспотребнадзор буюу ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар тус улсад коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан шинээр арга хэмжээ авч, олон хүн цугладаг газрууд, тээврийн хэрэгсэл, цахилгаан шатан дотор амны хаалт заавал зүүх журам гаргалаа. Журам 10 дугаар сарын 28-наас орон даяар хэрэгжиж эхэлнэ.


Түүнчлэн үзвэр үйлчилгээ, нийтийн хоолны газрыг 23:00 цагаас 6:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулахыг хориглохыг зөвлөжээ. Нийтийн тээвэр, такси, дэлгүүр, зоогийн газар, театрууд ариутгалын журмыг чангатгах ёстой байна.


ОХУ-ын нийслэл хотод нөхцөл байдал хамгийн хүнд байна. Москвад амны хаалт, бээлий заавал өмсөх журам хэрэгжиж байгаагаас гадна, ахлах ангийн сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн бол өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүсийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг хүсэж байгаа юм.


ОХУ халдварын тохиолдлын тоогоор дэлхийн улс орнуудын дунд дөрөвдүгээрт орж байна. Тус улсад 1 547 744 хүн халдвар авч, 26 мянга гаруй хүн нас баржээ.


Холбоотой мэдээ