Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг дагаж мөрдөхийг Далай лам уриалжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-27 12:03:46

МОСКВА. /РИА Новости/. Ирэх оны 1 дүгээр сард хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний нөхцөлүүдийг биелүүлэхийн тулд улс орнууд шамдах хэрэгтэй хэмээн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын мэдэгдсэнийг Төвдийн буддизмын цахим хуудаст нийтэлжээ.


Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг 50 орон соёрхон баталсан гэж “Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил” хэмээх олон улсын төрийн бус байгууллагуудын эвсэл /ICAN/ өмнө нь мэдэгдсэн юм. Орос зэрэг цөмийн зэвсэг эзэмшдэг “цөмийн клубт” оролцогч улс орнууд гэрээнд гарын үсэг зураагүй.


Дэлхий дахиныг илүү аюулгүй болгохын тулд гэрээний нөхцөлүүдийг хэрэгжүүлэхэд зүтгэл чармайлт гаргахыг би бүх улс орны засгийн газарт уриалж байна гэж Далай лам хэлсэн байна. 


"Ийм гэрээ байгуулах нь илүү тайван ирээдүйд хүрэх итгэл төгс эхний алхам болж байгаа бол

гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх нь энэ аймшигт зэвсгийг устгахад илүү их хүчин чармайлт гаргах, дэлхий дахинд жинхэнэ, бат бөх энх тайван байдлыг хангахад тус дөхөм болох юм. Дэлхий дахиныг зэвсгээс ангижруулах нь бидний эцсийн зорилго. Цөмийн зэвсгийг устгах замдаа бид хэдийнээ гарсан тул эцсийн дүнд бид зэвсгээс бүрэн ангижрах явдалд хүрэх боломжтой” гэж Далай лам онцлон тэмдэглэв.


Цөмийн зэвсэггүй ертөнцөд амьдрах нь хүн бүхний ашиг сонирхолд нийцнэ гэж тэрбээр үзэж байна. 

Холбоотой мэдээ