Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн ээлжит хуралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-23 14:43:38


Төв /МОНЦАМЭ/. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн ээлжит гуравдугаар хуралдаан ЗДТГ-ын “Соёмбо” танхимд боллоо. 

Хуралдаанаар 2019 оны шалгалтын дүнгээр сайн дүгнэгдсэн Лүн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны тайлан, гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдлын танилцуулга, аймгийн Цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгээс мал хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын мэдээлэл, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын мэдээллийг хэлэлцсэн юм. 

Лүн сумын салбар зөвлөл нь тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дэд зөвлөлүүд, хамтарсан баг, холбогдох байгууллагуудтай хамтран нийт дөрвөн удаагийн аяныг зохион байгуулж, 48 удаагийн мэдээллийг иргэдэд хүргэж үр дүнтэй ажилласан.

Мөн тодорхой төрлийн дэд зөвлөлүүдийн ажлыг эрчимжүүлэн сургуулийн сурагчдын дунд “Жаргалтай үрсдээ” эцэг, эхчүүдийн захидлын уралдаан, “Гэр бүлээрээ дуулцгаая” уралдаан зэрэг тэмцээн сургалт сурталчилгааны ажлуудыг тогтмол зохион байгуулсан, цахим сургалт сурталчилгааг иргэдэд тогтмол хүргэсэн, сургуулийн ойр орчмын замыг тэмдэгжүүлж, сургуулийн орчныг бүрэн камержуулсан нь үр дүнгээ өгсөн ажил болсныг тэмдэглээд тус сумын салбар зөвлөлд сургалт, сурталчилгааныхаа ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов.

Мөн энэ үеэр архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих хөтөлбөр нь аймгийн хэмжээнд хэрэгжиж эхэлснээс хойш төрийн болон төрийн бус байгууллагууд архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 26 байгууллага, 2 төрийн бус байгууллага, 27 сумыг хамруулан нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ 18 удаа, нэгдсэн сургалт, өдөрлөг, хэлэлцүүлэг 39 удаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 32 удаагийн сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулж нийт 10225 иргэнийг хамруулсны үр дүнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2016 онд 224, 2017 онд 133, 2018 онд 132, 2019 онд 114 бүртгэгдэж өнгөрсөн оноос 50.8%-иар буурсан байна.

Цаашид хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй үр дүнтэй ажлуудыг аймгийн хэмжээнд сурталчлах, иргэдэд хүргэх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг сайжруулах нь зүйтэйг тэмдэглээд хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд шилжүүлэв.

Холбоотой мэдээ