Балба улс байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах бүс нутгийн бага хурлыг зохион байгуулна

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-05-24 10:34:33

КАТМАНДУ. /Prensa Latina/. Балбын Засгийн газар тавдугаар сарын 26-27-ны өдрүүдэд уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх бүс нутгийн бага хурлыг улс орондоо зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээг Олон улсын байгаль хамгаалах холбоо /ОУБХХ/ , Өмнөд Азийн судлалын төв болон Алтернатив хөгжлийн Европын төв зэрэг байгууллагууд зохион байгуулахад хамтран оролцох ажээ.

Тус хуралд оролцогч улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар өөрсдийн хуримтлуулсан туршлагаа солилцож, гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэх үүргийн талаар ярилцах болно хэмээн ОУБХХ-ны  мэдэгдэлд дурдсан байна.

Бүс нутгийн орнуудад эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд илүү нягт хамтран ажиллах явдал нэн шаардлагатай байгаа билээ. Балба улс бол ядуурал ихтэй, хүн амын нягтрал өндөртэй орон учраас байгалийн гамшигт хамгийн ихээр өртөж болзошгүй эмзэг орнуудын нэг юм.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ