Баянхонгорыг Монгол Улсын анхны утаагүй хот болгох зорилт дэвшүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-10-23 10:45:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлж буй CHIP багц /монгол гэрийн халаалт, дулаалгын бүтээгдэхүүн/-аас 10 ширхгийг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт “Пипл ин Нийд” ТББ гардуулан өглөө.

 

Уур ус үл нэвтрэх бүрээс, хаяавч, шалавч, хаалганы дулаалга, халаагуур ширээ зэрэг багтаж байгаа тус багцыг олон улсын болон дотоодын тэргүүлэх эрдэмтэд, шинжээчид  гэрт түлдэг нүүрсний хэрэглээг арилгахын тулд боловсруулсан байна. Мөн гэр хорооллын оршин суугчдыг өвлийн улиралд цэвэрхэн халаалт, тогтвортой дулаанаар хангах зорилготой юм. Түүнчлэн зөвхөн гэрийг дулаан байлгахаас гадна гэр доторх дотоод агаарын бохирдол, ялангуяа бага насны хүүхэдтэй айлын агаарын бохирдлыг бууруулах аж.

 

“Пипл ин Нийд” ТББ-ын төсөл, хөтөлбөр хариуцсан захирал М.Мөнхсаруул хэлэхдээ, “Гэртээ нүүрс түлэх нь хэчнээн хохиролтой, эх, хүүхдийн эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй зэрэг сөрөг нөлөөг бид мэддэг болсон. Иймд нэн даруй нүүрсний хэрэглээнээс татгалзаж, амьдрах орчноо сайжруулах технологийг нэвтрүүлж хүүхдийнхээ эрүүл мэнд амь насыг хамгаалцгаая" гэв.

 

Өмнөговь аймаг дахь CHIP төсөл нь өсөн нэмэгдэж буй хот суурин газрын агаарын бохирдлын түвшинг бууруулах замаар эх, хүүхдийн эрүүл мэнд, амьдрах орчныг сайжруулахаар аймгийн хэмжээнд "Цэвэр агаар"  хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэхэд дэмжин оролцож байна.

 

2018 онд НҮБ-ын Хүүхдийн сан  Баянхонгор аймгийн ЗДТГ-тай хамтран CHIPS багцыг гарган, 2022 он гэхэд Баянхонгор аймгийн төвийг Монгол Улсын анхны утаагүй хот болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл Баянхонгор хотын 250 өрх CHIPS багцыг авсан нь эерэг үр дүнтэй байна. Тус аймгийн сайн туршлагыг энэ жил Өмнөговь, Говь-Алтай аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж эхэлжээ.

 

Пипл ин Нийд (ПИН) ТББ  нь орон нутагт CHIP төслийн хэрэгжилтийг хангах үүрэг гүйцэтгэж байна. Чех улсад төвтэй тус байгууллага 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлсэн нь Монголд хэрэгжүүлсэн анхны төсөл байв. Тус байгууллага хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, олон нийтийг чадавхжуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос Монголд тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө онцгой байдлын тусламжаас гадна тогтвортой амьжиргааг дэмжих, хоршоо, иргэний нийгмийн байгууллагууд ба төрийн албаныхны чадавхыг нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах болон агаарын бохирдлын тухай иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж байгаа аж.

 

 

Холбоотой мэдээ