Монголоос хандивласан хонийг Хятадын хил орчмын хотод авчирлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-10-23 10:24:40

ХӨХ ХОТ. /Xinhua/. Монгол Улсаас “COVID-19”-тэй тэмцэх БНХАУ-ын үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор хандивласан 30 мянган толгой хонины эхний хэсэг болох 4000 хонь ачсан 10 гаруй ачааны тэрэг Хятад-Монголын хил орчмын Эрээн хотод пүрэв гарагт ирлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д энэ оны хоёрдугаар сард буюу “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, хяналтад авах чухал цаг мөчид айлчилж, тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс 30 мянган толгой хонийг бэлэглэхээ мэдэгдсэн юм.


Хятад улс ч мөн Монголын талыг эмнэлгийн хэрэгслээр хангах чиглэлд идэвхтэй ажиллаж, халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх туршлагаа хуваалцжээ.


Хятадын хилийн хяналтын олон арван ажилтан пүрэв гарагт хамгаалалтын хувцас өмсөж, Эрээн хотын шалган нэвтрүүлэх цэгт хонь тээвэрлэн ирсэн тээврийн хэрэгслүүдийг шалгажээ. Хонинуудыг өмнө нь Монголд тусгаарлалтад оруулсан байна.


Хоёр талын хэлэлцээрийн дагуу хонинуудыг хэсэг хэсгээр Эрээн хот руу тээвэрлэх бөгөөд цар тахлын голомт байсан төв нутгийн Хубэй муж руу явуулахаас өмнө нядалж бэлтгэх ажээ.


COVID-19” цар тахлын нөлөөг үл харгалзан Хятад, Монголын худалдаа урьдчилан сэргийлэх, хянах хатуу арга хэмжээнүүдийн дор идэвхтэй явагдсан хэвээр байна. Энэ оны нэгдүгээр сараас 10 дугаар сарын 14-ны хооронд Хятад-Европын ачааны галт тэрэгний 1820 аяллыг Эрээн хотоор дамжуулан хийсэн нь өнгөрсөн оны үзүүлэлтийг давжээ.


Хятад-Монголын хил орчмын хамгийн том хот болох Эрээн хотоос Монгол руу энэ оны эхний найман сарын хугацаанд 68 мянган тонн шинэ жимс, хүнсний ногоо экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.5 хувиар өссөн байна.


Монгол дахь Хятадын түүх, соёл судлалын холбооны тэргүүн Х.Баатархүүгийн хэлснээр, Монголд хонь бол хамгийн сайхан бэлэг ажээ. “Монгол ардын ёсонд хонь нь найрамдал, энх тайвныг бэлгэддэг. Хөрш орон нь халдварт нэрвэгдсэн үед Монгол улс дэмжлэг үзүүлэх үүднээс 30 мянган хонь бэлэглэлээ” гэж тэрбээр хэлжээ. 

Холбоотой мэдээ