Шүүхээс Лью Тинхуа нарын 15 хүнийг гэм буруутай хэмээн дүгнэж, хорих ял оноов

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-23 11:16:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Монгол Улсад гэмт бүлэглэл байгуулж, мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсан Лью Тинхуа нарын 15 хүнд холбогдох шүүх хуралдаан 9 өдөр үргэлжилсний эцэст шийдвэрээ гаргалаа.

НПГ-аас Лью Тинхуа нарын 15 хүнийг Эрүүгийн хуулийн 26.1-4.1 дэх хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан”, 18.6-3 дахь хэсгийн “Мөнгө угаах”, 20.3-1 дэх хэсэг дэх “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, түүнд элссэн”, 17.3-3.1, 17.3-3.3 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн юм.

ЦЕГ-ын ЭЦА, тагнуулын байгууллагын ажилтнууд хамтран өнгөрсөн оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт байдаг зочид буудлуудаас БНХАУ-ын 818 иргэнийг саатуулж, улмаар 783-ыг нь албадан гаргасан. Дээр нэр дурдсан 15 хүн тэднийг зохион байгуулан манай улсад оруулж ирээд гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Лью Тинхуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон бол бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12 жилийн ял оноов. Харин үлдсэн 12 хүнд есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр болжээ. Мөн эдгээр хүмүүсийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утсыг улсын орлого болгохоор шийдвэрлэв. 

Холбоотой мэдээ