С.Бямбацогт: УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох зохицуулалтыг илүү зөөлөлж байгаа

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-22 12:51:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар С.Бямбацогт нарын нэр бүхий 7 гишүүн санаачилж, өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 


Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон шинэчлэн найруулсан УИХ-ын тухай хуульд нийцүүлэн тавдугаар сарын 13-нд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Гэвч 2020 оны ээлжит сонгуулиар бүрдсэн УИХ-ын Анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганаа зохион байгуулах явцад шинэчлэн найруулсан дэгийн тухай хуулийн зарим зохицуулалтыг тодруулах, нарийвчлах шаардлага тулгарсан тул нэр бүхий гишүүд энэ хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.


УИХ-ын чуулганы хуралдааныг үр нөлөөтэй явуулах, хуралдаан эхлэхэд бэлтгэл хангагдсан байх, зарим нэн яаралтай, шаардлагатай асуудалтай танилцах боломжийг гишүүдэд олгох үүднээс чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 9.00 цагаас эхлүүлж 10 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.


Мөн хууль санаачлагч дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж, уг захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод цаглабар баталж, мөрдөхөөр тусгажээ.


Түүнчлэн хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасахаар тусгасан байна. Хэрэв хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.


Үүний зэрэгцээ тусгайлсан дэгээр зохицуулж байгаа зарим тогтоолын төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийн дэг нь хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах дэгтэй адил байх, хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг илүү ажил хэрэгч, үр дүнтэй зохион байгуулах, мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нээлттэй болон хаалттай явуулах зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 20-ны хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа. 



Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдууан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Н.Алтанхуяг, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Ц.Мөнхцэцэг, Д.Ганбат нарын гишүүн хуулийн төслийн ажлын багаас асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өмнө нь нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, төсвийн төсөл хэлэлцэх үед хөрөнгө оруулалттай холбоотой зарчмын зөрүүтэй саналыг жагсаалтаар нь батлах гэж тусгасан байсныг зассан эсэхийг лавлав. Хөрөнгө оруулалтын саналыг нэг бүрчлэн хэлэлцэхгүй батласнаар Байнгын хороо болон төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг явуулах боломжгүй болно гэж тайлбарлав. Ээлжит бус чуулганы үед төсвийн тодотгол хэлэлцэх үед ийм асуудал гарсан ч нэг бүрчлэн танилцуулж баталж байсныг эргэн сануулав. Мөн тэрээр чуулганы хуралдааны эхлэх цагийг 10 цаг болгож хойшлуулж байгааг дэмжив. Тодруулбал, хөдөө орон нутгаас гишүүдтэй уулзахаар ирсэн иргэдийг чуулган эхлэх хүртэл хүлээн авч уулзах боломж гарч буйг тодотголоо. Харин өргөн барьж буй дэгийн хуульд УИХ-ын гишүүнийг "хөөж гаргах" тухай тусгасан буйг онцлоод, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэх мэт ноцтой асуудал хэлэлцэх үед эсэргүүцсэн гишүүнийг хөөж гаргаж болохгүй гэв. Энэ заалтын хувьд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. 


УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүний асуултад хариулахдаа, төсвийн төсөл хэлэлцэхтэй холбоотой заалтыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нарийн тусгасан байгааг тодотгов. Тодруулбал, дээрх төслийн 68-78 дугаар зйүлд төсвийн төсөл хэлэлцэхтэй холбоотой, хөрөнгө оруулалтын саналыг нэг бүрчлэн хэлэлцэх дэг суусан байгааг онцлов. Ер нь төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцэх үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсны дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлж үл болно гэж тусгасныг тэмдэглэв. Үүнтэй холбоотойгоор төсвийн асуудлаар УИХ-ын гишүүний эрхийг тодорхой хязгаарлаж буйг дурдав. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд заасны дагуу төсвийн санал гаргахдаа Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэх болж байгааг санууллаа. 


УИХ-ын гишүүнийг "Хөөж гаргах" тухай зохицуулалт нь 2007 оны УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд ч байсан гэдгийг тодотгоод, 2020 оны тавдугаар сард өргөн барьсан төсөлд тэр хэвээр нь оруулж ирсэн. Харин энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөд илүү нарийвчилж "сануулах-үг хэлэх эрхийг хасах-хуралдааны танхимыг орхин гарахыг үүрэг болгох- хуралдаанд оролцох эрхийг хасах" гэсэн дараалалтай оруулж буйг танилцууллаа. Өөрөөр хэлбэл алдбадан гаргах гэж тусгаагүй болохыг учирлав. УИХ-ын гишүүн чуулганы хуралдаанд оролцохдоо үндсэн үүргээ ухамсарлаж бусдыгаа хүндэтгэх, дэгийн хууль болон ёс зүйн дүрмээ баримталж, хууль дүрмийн чандлан сахих ёстойг сануулав. Дээрх зохицуулалт нь өмнө нь ч байсан, олон улсын парламентын жишигт ч байдаг хэмээн хариултдаа онцолсон. 


УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гаргасан шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзвэл чуулганы хуралдаанаар хэлэлцэхгүй, шийдвэр гаргахгүй болж байгааг шүүмжлэхийн зэрэгцээ энэ заалтыг дээрх байдлаар өөрчлөхгүй хуучнаар нь байлгах саналтай байгаагаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариулахдаа, Цэцийн шийдвэрээр УИХ-аас баталсан хууль, тогтоолыг зөв гээд үзсэн байхад УИХ-аар дахин яагаад зөв гэж үзсэнийг нь хэлэлцэх нь зохимжгүй. Харин УИХ-ын чуулган Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэвэл учир шалтгааныг нь тодруулан хэлэлцэж, асуулт асууж хариулт авах нь хуульд нээлттэй хэвээр байгаа хэмээн тайлбарлалаа. 


Тэрээр мөн гишүүдийн асуултад хариулахдаа, УИХ-ын гишүүн хуралдааны дэг болон бусад хууль, дүрэм зөрчвөл хуралдааны танхимаас гаргах гэдэг заалт нь хуучин зохицуулалтаараа хэт хатуу бөгөөд ерөнхий байсныг онцлов. Тиймээс гишүүдийн гаргасан саналын дагуу илүү уян хатан болгож үе шаттай нарийвчилж оруулахаар болгосон. Өөрөөр хэлбэл хэт хатуу байсан заалтыг илүү зөөллөж байгаа гэдгийг тайлбарлав. УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсохдоо, холбогдох сайд нь тухайн асуудлаар мэдээлэл өгөх нь илүү үр дүнтэй гэж үзсэн. Тиймээс Ерөнхий сайдын томилсон Засгийн газрын гишүүнээс мэдээлэл сонсож асуулт асуудаг байх зохицуулалт орсон гэлээ. 


Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 58 гишүүний 31 нь буюу 53.4 хувь нь дэмжив. Ийнхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Холбоотой мэдээ