Сайн дурынхныг коронавирусээр зориуд халдаах вакцины туршилтад 44 сая ам.долларыг зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-21 15:41:46

ЛОНДОН. /TASS/. Сайн дурынхныг коронавирусээр зориуд халдаах “COVID-19”-ийн вакцины туршилт явуулах хөтөлбөрт зориулж Их Британийн Засгийн газар 44 сая орчим ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Их Британийн Эрүүл мэндийн яамны цахим хуудаст мэдээлснээр, зохих байгууллагуудаас товлосон хугацаандаа зөвшөөрөл авч чадвал туршилтыг нэгдүгээр сард эхлүүлэх аж.


Туршилтын эхний шатанд судлаачид “COVID-19”-өөр халдварлах өндөр магадлалтайд шаардагдах вирусний байж болох хамгийн бага хэмжээг тодорхойлох аж. Туршилтад хүндрэл өгөх хамгийн бага эрсдэлтэй 18-30 насны 90 залуу оролцох юм байна.


Үүний дараа өмнө нь вакцин хийлгэсэн сайн дурынхныг коронавирусээр зориуд халдаах бөгөөд энэ нь дэлхийд хийгдэх анхны туршилт болох юм. Энэ нь өртөг өндөртэй эмнэлзүйн туршилтад хамгийн ирээдүйтэй вакциныг тодорхойлох, вакцины үр дүнтэй байдлын талаар нэмж мэдээлэл цуглуулах, вакцин халдварт өвчнөөс сэргийлэх төдийгүй бусад хүнд өвчин халдаахаас урьдчилан сэргийлэхэд тус болох аж. Туршилтын эхний дүн ирэх оны 5 дугаар сард гарна.


Вакцины туршилтад 2000 орчим хүн оролцох хүсэлтэй байна. Туршилтыг зохион байгуулагчид хэдэн зуун эрүүл саруул, залуу сайн дурынхныг сонгож хүн бүрт 4 мянга гаруй паундыг санал болгох юм.


Ёс зүйн асуудал

Шинжлэх ухааны онолоо турших зорилгоор хүнийг аюултай вирусээр зориуд халдаасан анхны туршилтыг Английн эмч Эдвард Женнер хийж байжээ. Тэрбээр 1979 онд найман настай хүүг боом өвчний вакцинаар тарьж, дараа нь хэд хэдэн удаа салхин цэцэг өвчний вакциныг хийснээр санал болгож буй вакцинжуулалтын арга техник нь үр дүнтэй байгааг харуулсан байна. Эмч нарын хяналтан дор туршилтад оролцогчдод өвчин үүсгэгчийг нэвтрүүлдэг вакцины туршилт судалгаа өнөө цагт ч хийгддэг. Туршилтын үр дүн дээд зэргийн ашиг тустай байхаас гадна туршилтад оролцогчид учрах эрсдэл хамгийн бага байна гэж үзсэн тохиолдолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ийм төрлийн туршилт явуулахыг зөвшөөрдөг байна. Түүнчлэн иймэрхүү туршилт явуулахдаа ёс зүйн комисс байгуулах шаардлагатай гэж ДЭМБ үздэг байна.


"Урьд өмнө нь тохиож байгаагүй “COVID-19”-н аюултай тэмцэх үедээ бид ёс зүйн үүднээс зохих хяналттайгаар зориуд халдаах судалгааг үр дүнтэй вакцин гарган авахын тулд хийх шаардлагатай” хэмээн Оксфордын  их сургуулийн профессор Доминик Уилкинсон мэдэгджээ.

Туршилтыг явуулах зөвшөөрлийг Их Британийн “MHRA” буюу Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын агентлаг олгох ёстой аж. Иймэрхүү туршилтууд вакцин хурдан гарган авах, үр дүнг нь үнэлэхэд ашигтай байж магадгүй юм хэмээн тус агентлагийн төлөөлөгчид цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ