“Хүүхэд хөгжүүлэх дугуйлан”-гийн сурагчид тайлан тоглолт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-21 16:39:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хүүхдийн ордны дуу, хөгжим, бүжгийн дугуйлангийн авьяаслаг сурагчид, багш нартайгаа хамтран "Дуу бүжгийн жигүүртэй он жилүүд" тайлан тоглолтоо энэ сарын 20-нд хийв.  

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд "Хүүхэд хөгжүүлэх дугуйлан” тогтмол үйл ажиллагаа явуулдаг.

Тус дугуйлангийн багш СТА хөгжмийн зохиолч Ж.Батцэнгэл, СТА бүжиг дэглээч, судлаач Д.Ганбаяр нар хамтран “Дуу бүжгийн жигүүртэй он жилүүд” тоглолт зохион байгуулсан. Үүнд хүүхдийн ордны бүжиг, дуу, хөгжмийн дугуйлангийн 120 орчим сурагч, хүүхэд  багачууд оролцож, өөрсдийн сурсан мэдсэнээ тайлагнасан юм.

“Дуу бүжгийн жигүүртэй он жилүүд” тайлан тоглолтын төгсгөлд Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хөдөлмөр зүтгэл, авьяасаараа манлайлсан зарим сурагчид шагнал гардууллаа.  

Тодруулбал, дуулаач болон хөгжмийн дугуйлангийн суралцагч, Жаргалант сумын хоёрдугаар сургуулийн сурагч Ж.Ертуган “Авьяас” алтан медаль хүртлээ. Мөн лаборатори нэгдүгээр сургуулийн сурагч Н.Хүслэн, Долдугаар сургуулийн сурагч Б.Мөнх-Очир нар “Авьяас” мөнгөн медаль гардан авсан. Харин “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн сурагч М.Тэргэл, Б.Мишээл нар “Авьяас” хүрэл медалиар тус тус шагнуулсан байна.

Үүнээс гадна бүжгийн дугуйлангийн суралцагч, Жаргалант сумын лаборатори нэгдүгээр сургуулийн сурагч Х.Хүслэн, Ч.Амарзаяа нар алтан медаль хүртлээ. Харин дэд байрт Прогресс сургуулийн сурагч Ч.Гэгээнжаргал, нэгдүгээр сургуулийн сурагч Ө.Маргалжингоо нар шалгарсан. Мөн гуравдугаар байрт  Зургаадугаар сургуулийн сурагч Г.Нарангэрэл,  нэгдүгээр сургуулийн сурагч Ц.Ариунзул, Х. Бүдханд нар тус тус шалгарч, хүрэл медалийн эзэн болсон юм.  

 

Холбоотой мэдээ