“Роану” хар салхины улмаас 21 хүн амь үрэгджээ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-05-23 17:14:12

ДАККА. / NHK/. Байгалийн гамшгийн улмаас наад зах нь 21 хүн амь үрэгдэж, хагас сая хүн орон гэрээсээ дайжихад хүрээд байна гэж Бангладешийн Гамшгаас хамгаалах газар мэдээллээ.  

Бямба гарагт  тус улсын өмнөд нутагт дэгдсэн “Роану” хэмээх асар их хөнөөлт халуун орны хар салхины улмаас үер бууж, газрын хөрс нуржээ. Далайн эрэг орчмын Читтагонг хот болон бусад суурингууд гамшигт өртөөд байна.

Бангладеш нь Бенгалийн буланд оршдог улс бөгөөд жил бүр хүчтэй далайн шуурга үерийн аюулд өртдөг бүс нутаг юм. Тус улсын ихэнх хот далайн түвшнээс дээш 10-хан м-ийн өндөрт оршдог.

2007 онд болсон хүчтэй хар салхи 3000 гаруй хүний аминд хүрч, Засгийн газраас үерээс хамгаалах далан болон хоргодох байр барьж байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, зарим иргэд мал сүргээ орхихгүйн тулд хоргодох байранд очихоос татгалзаж байгаа ажээ. Учир нь, хоргодох байруудад малаа авч орох боломжгүй юм.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ