Оросын цэргүүд Сирид 3.5 тонн хүмүүнлэгийн тусламж хүргэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-23 14:48:02

ДАМАСК. /TASS/. ОХУ-ын цэргийн албан хаагчид Сирийн Дераа мужийн Хабаб хотод 3.5 тонн хүмүүнлэгийн тусламж хүргэлээ гэж Сирийн мөргөлдөөнд оролцогч талуудыг эвлэрүүлэх ОХУ-ын төвийн хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Сергей Иванов мэдэгдэв.

Хабаб хот энэ сарын 8-нд гал зогсоох тохиролцоонд нэгдсэн байна.

“ОХУ-ын Зэвсэгт хүчний төлөөлөгчид 3.5 тонн хүмүүнлэгийн тусламжийг Хабаб хотын оршин суугчдад хүргэлээ. Хүмүүнлэгийн тусламж хүргэх нь Сирид энх тайвныг тогтооход ихээхэн хувь нэмэр болно” гэж Иванов мэдэгджээ.

Хабаб хотын оршин суугчид Оросын тусламжийг баярын жагсаал хийн, угтаж авчээ. Тусламжийг хүлээн авахад Дераа мужийн захирагч, орон нутгийн захиргааны төлөөлөгчид оролцсон байна.

Тус мужийн захирагч Мохаммад Халед Аль-Ханнус үг хэлэхдээ "ОХУ манай цэрэг арми, улсад асар их дэмжлэг үзүүлдэг, мөн хүмүүнлэгийн хүрээнд ч ихээхэн тусламж өгдөг. Үүнээс гадна Сирийн ард иргэдийг эвлэрүүлэхэд ОХУ онцгой үүрэгтэй оролцдог" гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

 

 

 

Холбоотой мэдээ