Улиастайчууд дэлхийн алхалтын өдрөөр уулын алхалт зохион байгуулна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-10-16 19:26:44

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт жил бүрийн 10 дугаар сард тохиодог алхалтын өдрийг тохиолдуулан  “Эрүүл байхын төлөө хамтдаа” уриатай алхалтыг энэ сарын 17-ны өдрийн бямба гарагт аж ахуйн нэгж, байгууллага хамт олныг өргөнөөр оролцуулан зохион байгуулна.

Аяллын үеэр оролцогчдод зориулан олон талын ажлыг зохион явуулна. Тухайлбал бартаат замд олон жил ууланд алхсан туршлагатай иргэдийг оролцуулсан уулын алхалт, мөн хөгжөөнт тэмцээнүүд, асуулт хариулт, алхалт эрүүл мэндэд хэрхэн эерэг болох талаарх зөвлөгөө, сургалт явуулна. Аяллын гараа өглөөний 7:30 цагаас эхэлж Товцог уулын бэлээс эхэлж Бурхант цохио хүрнэ. Ер нь манай Улиастайд сүүлийн гурван жилийн турш уулын аялал эрчимтэй явж байна. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 150 гаруй иргэн долоо хоног бүр тодорхой чиглэлд хамт олноороо уулын аяллыг зохион байгуулдаг уламжлал тогтсон байна гэж аймгийн БТСГ-ын мэргэжилтэн Д.Мишигбат мэдээллээ. 

Улиастайд 150 гаруй уулын алхалтыг зохион байгуулжээ

Дэлхийд жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг.

Харин манай улс 2017 оноос хойш тус өдрийг тэмдэглэж байна. Завхан аймгийн тухайд анх 2016 оноос эхлэн уулын алхалтыг дэмжиж иргэд алхаж эхэлсэн байдаг. Тухайлбал уулын спортын мастер Д.Мишигбат, Ө.Батманлай, уулын спортын 1-р зэргийн тамирчин С.Болор-эрдэнэ нар анх Завхан аймагт уулын спортыг олон нийтэд ойлгуулах. Алхалтын ач холбогдлыг иргэдэд сурталчлан дэлгэрүүлэх, долоо хоног бүрийн амралтын өдрийг үр дүнтэй өнгөрүүлэхэд иргэдийг уриалан дуудаж уулын алхалтуудыг байнга зохион байгуулсаар иржээ. Өнөөдөр Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин давамгайлж, нийт өвчлөлийн 77 хувийг эзэлж байна. Халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой юм. Дэлхийн хүн амын гурван хүний нэг нь хөдөлгөөний идэвх хангалтгүй байдаг бөгөөд, хөдөлгөөний хомсдолын улмаас жилд 3.2 сая хүн нас бардаг. Хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болж байна.

ДЭМБ-ын гишүүн орнууд 2025 он гэхэд хөдөлгөөний хомсдолыг 10 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Манай улсад хүн амын 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдолтой. Хүүхэд, өсвөр үеийнхний 44.3 хувь нь зурагт үзэх, компьютер тоглох, суух, найзтайгаа ярих зэрэг идэвхгүй байдалд өдөрт гурав ба түүнээс олон цагийг зарцуулдаг байна.  ДЭМБ-аас насанд хүрэгсэд өдөрт 30 минут, хүүхэд өсвөр үеийнхэн 60 минутын хугацаатай идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10000 алхам алх гэж зөвлөдөг. Тэгвэл манай Улиастайчууд сүүлийн гурван жилийн турш нийт 150 гаруй удаагийн уулын явган аяллыг зохион байгуулсан байна. Мөн жил бүр дөрвөөс таван удаагийн олон нийтийг хамруулсан томоохон алхалтын арга хэмжээг зохион байгуулж хэвшжээ гэж аймгийн БТСГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ