Баян-Өлгийн 732 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгчээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-15 09:51:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахаар заасан байдаг.

Үүнд эрүүл мэндийн шалтгаантай, дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа болон зөрчлийн улмаас саатуулагдсан, баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдогчийн саналыг санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авахаар хуульчилсан.

Баян-Өлгий аймгийн хувьд 752 хүн зөөврийн саналын хайрцгаар санал өгөхөө илэрхийлжээ. Санал авах ажлыг аймгийн хэмжээнд 99 зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар зохион байгуулснаас 732 хүн саналаа өгсөн байна.

Үлдсэн 20 иргэн бүртгүүлсэн хаяг дээрээ байгаагүй, өөрийн биеэр очиж санал өгөхөө мэдэгдсэн зэрэг шалтгаанаар санал өгөөгүй хэмээн аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.   

Холбоотой мэдээ