Говь-Алтай аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор-Алтайн 126.7 км хатуу хучилттай автозамын хөдөлгөөнийг нээж, ашиглалтад хүлээн авлаа.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.
Тэрбээр, “Өнгөрсөн хугацаанд /2016-2020 онд/ Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 17 аймгийн 95 сум, 5 хилийн боомтыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбожээ. Өнөөдөр Баянхонгор-Алтайн 126.7 км хатуу хучилттай авто замыг хүлээж авснаар 21 аймгаа нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож, 20 гаруй жилийн өмнө эхлүүлсэн Мянганы замын төслийн хэвтээ тэнхлэгийн автозам гүйцлээ. Энэ зам ашиглалтад орсноор нийгэм, эдийн засгийн олон сайн үзүүлэлт, үр өгөөжийг дагуулах юм. Мөн иргэдийн аюулгүй байдал, ая тухтай байдлыг хангаж, техник, эдийн засгийн хувьд хэмнэлт авч ирэх нь гарцаагүй. Үндэсний компани түүний инженер, техникийн ажилчид өөрийн хүчээр бие даан жил хүрэхгүй хугацаанд чанар стандартад нийцсэн хатуу хучилттай автозамыг концессын гэрээгээр хийлээ. Үндэсний бүтээн байгуулагч “Макс рөүд” ХХК, хяналт тавьж, зөвлөн тусалж ажилласан “Аварга зам” ХХК-ийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Тус А0303 дугаартай улсын чанартай авто замын хэсэг Баянхонгор-Алтайн 126.7 км хатуу хучилттай авто замыг концессын “Барих-Шилжүүлэх” гэрээний дагуу ашиглалтад оруулж байна. Уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэн, Засгийн газрын 2015 оны 87 дугаар тогтоолын дагуу “Эрчим хүчний барилга угсралтын тресст” ХХК эхлүүлжээ. Гэвч зарим шалтгааны улмаас зам тавих ажил түр зогсож, улмаар 2019 онд Концессын тухай хуулийн дагуу концесс эзэмшигчийн эрх, үүргийг "Макс рөүд" ХХК-д шилжүүлжээ. Ингэснээр замын ажлыг эрчимжүүлж, “Аварга зам” ХХК зөвлөхөөр ажиллаж, дуусгалаа. Замын ажилд 800 гаруй хүн хүч, 400 гаруй машин механизм, чулуу бутлуур, холигч, асфальт бетон завод зэрэг 10 үйлдвэр 11 сарын хугацаанд ажилласан байна.
Энэ зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, дотоодын болон гадаадын аялагч, жуулчид тав тухтай, түргэн шуурхай, хямд зардлаар зорчих, тээврийн зардлыг хэмнэх зэргээр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм. Тодруулбал, баруун аймагт зорчиж буй иргэдийн техникийн шатахуун зарцуулалтыг 30-40 хувь, цаг хугацааг хоёр дахин хэмнэх боломжтой гэсэн тооцоолол гарсан байна.