А.Серикжан: Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас 215 сая төгрөгийн хохирол учирсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-08 16:35:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар аймгийн Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Серикжантай ярилцлаа.


2020 он гарснаас хойш хүрээлэн буй орчны эсрэг хэдэн гэмт хэрэг бүртгэгдсэн бэ?

- Манай аймагт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн. 2019 оны мөн үед 5-6 гэмт хэрэг гарсан бол өнөөдрийн байдлаар 16-д хүрээд байна. Тодруулж хэлбэл, хууль бусаар мод бэлтгэх, байгалийн ургамал түүх, ан агнах зэрэг хэргүүд зонхилох хувийг эзэлж байгаа. Ан агнах дотор ирвэс агнах, эд эрхтнийг нь худалдах, хотон шувууны хошууг наймаалах зэрэг хэргүүд гарсан.

Байгалийн ургамал түүх гэмт хэргийн талаар тодруулж хэлэхгүй юу?

- Алтайн улаан сонгино, байгалийн зэрлэг саримс түүж бэлтгэх зэрэг асуудлууд байна. Алтайн улаан сонгино нь ховор ургамлын жагсаалтад орсон учраас тухайн сумын байгаль хамгаалагчийн зөвшөөрлөөр ахуйн хэрэгцээнд 5 хүртэлх килограммыг л түүхийг хуулиар зөвшөөрдөг. Харин түүнээс дээш хэмжээгээр бэлтгэхийг хориглосон. Хууль журмыг мэдээгүй, болгоомжгүйгээс ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс анхнаасаа хэрэг нь шалгагдаж байна.

Хууль бусаар ирвэс агнасан хэдэн гэмт хэрэг бүртгэгдэв?

- Сагсай, Буянт сумаас хоёр хэрэг бүртгэгдээд байна. 2019 онд нэг гэмт хэрэг бүртгэгдсэн, энэ гэмт хэрэг буурахгүй байна.

Ирвэс агнасан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

- Энэ бол хүнд ялтай гэмт хэрэг. Хөрөнгө хураах, 10 сая хүртэлх төгрөгийн торгуулийн ялтай. Дээр нь нэг ирвэсний экологи, эдийн засгийн үнэлгээ 11 сая төгрөг гэж бодоход, Амьтны тухай хуулийн дагуу үүнийг 2 нугалж төлдөг. Нийтдээ 33 сая төгрөг гэсэн үг л дээ. Түүнээс гадна тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг улсын орлого болгодог гээд маш их хэмжээний хохиролтой. Тийм учраас иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, агнахгүй байх шаардлагатай.  

-Баян-Өлгий аймагт гарсан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн эдийн засагт учруулсан хохирлын хэмжээ хэр байна?

- Эдийн засагт учруулсан хохирлын хэмжээг сар болгон нэгтгэж гаргадаг. 2020 оны эхний 9 сарын байдлаар энэ төрлийн гэмт хэргийн улмаас 215 сая гаруй төгрөгийн хохирол учирсан.

Бүртгэгдсэн гэмт хэргүүдийн шалгалтын ажил дуусаад, шүүхээр шийдвэрлүүлсэн нь хэд байгаа вэ?

- Нийтдээ 16 гэмт хэрэг бүртгэгдсэн гэж дээр хэллээ. Үүнээс 15 гэмт хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Гэм буруутай эсэх нь тогтоогдож, хуулийн хариуцлага хүлээсэн гэсэн үг. Одоо 1 хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна.

Бүртгэгдсэн гэмт хэргүүдэд дүн шинжилгээ хийхэд хүмүүс хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг хуулийн мэдлэггүй, анхаарал болгоомжгүйгээс үйлдэж байна уу? Эсвэл санаатай хийдэг үү?

- Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг онцлогтой байдаг. Болгоомжгүй үйлдэнэ гэж байхгүй. Санаатай үйлддэг. Жишээлбэл, хүн модыг болгоомжгүйгээр огтлох, зэгсний гахайг болгоомжгүйгээр агнана гэж байхгүй. Дандаа санаатай, шунахайн сэдлээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлддэг юм.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна?

- Урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай хийж байна. Экологийн цагдаагийн албанаас өнгөрсөн хавар улсын хэмжээнд «Байгальяа хамгаалья» нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд гэрэлт самбарууд дээр мэдээлэл тавьсан. Мөн аймгийн төвд орох, гарах хяналтын цэгүүдэд гэрэлт самбарууд байрлуулсан. Улсын тусгай хамгаалалттай газруудад ан агнах хориотой тухай, агнасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар 5 самбар хийж байршуулсан. Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран тараах материал бэлтгэж, ард иргэдэд хүргэн урьдчилан сэргийлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, Цагдаагийн газрын цахим хуудсуудаар байнга мэдээлэл түгээж байгаа. Ямар нэг хэрэг илэрлээ гэхэд энэ талаар олон нийтэд мэдээлж, тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг тогтмол анхааруулж байна. Урьдчилан сэргийлэх ажил хангалттай явсан гэж үзэж байгаа.

Ард иргэдэд анхааруулж хэлэх зүйл юу байна?

- Одоо цаг агаар хүйтэрлээ. Үүнтэй холбогдуулан манайд гахай агнах асуудал гардаг. 2019 онд 3 удаагийн үйлдлээр 2 тооны гахай агнасан гэмт хэрэг илэрсэн. Тус хэргийг шалгаж, буруутай этгээдүүд нь шүүхээс биечлэн 1 жилийн хорих ял сонссон. Ялангуяа Ногооннуур, Алтанцөгц, Баяннуур сумын ард иргэд хууль бусаар гахай агнаж, эд эрхтнийг нь борлуулах гэж байгаад баригддаг. Гахай нь дээр хэлсэн ирвэстэй адилхан ховор амьтны жагсаалтад багтдаг. Экологи, эдийн засгийн үнэлгээ нь 6 сая гаруй төгрөг байдаг. Унаж явсан тээрийн хэрэгсэл нь улсын орлого болно гэдгийг ард иргэд анхаарах шаардлагатай.  

Холбоотой мэдээ