БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ойн баяраар Ким Жөн Уны хэлсэн онцлох үгс

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2020-10-13 14:43:52
twitter.com/Nyamkanmk

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 75 жилийн ой 10 дугаар сарын 10-ны өдөр тохиож, энэхүү ойд зориулсан цэргийн парад, хүндэтгэлийн арга хэмжээ Пёньян хотноо болсон билээ. Уг арга хэмжээ дээр БНАСАУ-ын удирдагч, Төрийн зөвлөлийн дарга, Солонгосын Хөдөлмөрийн намын дарга Ким Жөн Ун ард түмэндээ хандан үг хэлсэн үгээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.


-БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 75 жилийн ойг угтаж буй бүх ард иргэд, цэргийн албан хаагчид, зочид төлөөлөгчид, Пёньян хотын оршин суугчид, парадад оролцож буй цэрэг эрс, офицерууд та бүхэндээ Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нэрийн өмнөөс энэ өдрийг нэр хүнд, бахархлаар алдаршуулсны халуун баяр хүргэе.


-Энэхүү баярт өдрийн орой нийслэл хотын гудамж, төв талбай баяр хөөр, бахархлаар бялхдаг хэдий ч өнөөдрийн гайхалтай мөчийг Хөдөлмөрийн намын гишүүд, ажилтнууд, хувьсгалт зэвсэгт хүчний албан хаагчид хамгаалж байдаг гэдгийг мартаж болохгүй.


-Дэлхий дахин гайхан шагших энэ баярын цуглаан нь бидний замыг хааж, саад болж байсан бүхий л гай гамшгийг бид өөрсдөө даван туулж, зөв зүйлийн төлөөх тэмцэл маань амжилтад хүрсэн болохыг илтгэн харуулж байна.


-Өнөөдрийн цэргийн парадыг 5 жилийн өмнөх Хөдөлмөрийн намын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадтай харьцуулахад манай зэвсэгт хүчний техник шинэчлэгдэж, онцгой сайжирсан гэдгийг хүн бүр харж, тэдгээрийн хөгжлийн хурдыг хялбархан тодорхойлж болохоор байна.


-БНАСАУ-ын цэргийн хүч шаардлага болоод төлөвлөгөөний дагуу чанаржиж, тооны хувьд нэмэгдсээр байна. Манай нам зэвсэгт хүчнээ БНАСАУ-ын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, ард иргэдэд заналхийлж болзошгүй хүчнүүдийг ялан дийлэх бүрэн чадвартай хэмээн тодорхойлсон бөгөөд бид ийм чадамжтай зэвсэгт хүчинтэй болохын төлөө бүхнийг хийлээ.


-Ард түмэн минь надад далай шиг гүн, тэнгэр шиг өндөр итгэл хүлээлгэсэн боловч би энэ итгэлийг үргэлж сэтгэл хангалуун байлгах хэмжээнд хүлээж чадаагүйдээ хүлцэл өчмөөр байна. Бүх ард түмний итгэлийн ачаар Ким Ир Сен, Ким Жөн Ил нарын агуу их үйл хэргийг үргэлжлүүлж, энэ улсыг удирдан чиглүүлэх чухал үүрэг хариуцлагыг надад хүлээлгэж өгсөн боловч ард түмнээ хүнд хэцүү амьдралаас нь салгах миний хүчин чармайлт үнэхээр хангалтгүй байсан. Гэвч ард түмэн минь надад бүрэн итгэж, миний шийдвэр, сонголтыг үргэлж дэмжиж ирсэн билээ. Тиймээс одоо бидэнд үлдээд буй ажил бол ард иргэдээ хангалуун, иргэншсэн амьдралтай залгуулж, хүнд хэцүүгээс салгах явдал юм. Үүний тулд манай нам ард иргэдийн сайн сайхны төлөө, тэдэнд үр ашгаа өгөх бодлого, арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж, ард иргэдийн мөрөөдөл болсон хөгжил цэцэглэлтийн хамгийн тохиромжтой нийгмийг богино хугацаанд цогцлооно.


-Хүнд хэцүү сорилтуудын өмнө ард иргэдтэйгээ хамт байж, тэдэнтэй хүчээ нэгтгэснээр манай нам ирээдүйд юу хийх ёстойгоо маш сайн ойлгосон. Тиймээс Хөдөлмөрийн намын 8 дугаар их хурал эдгээр зорилтуудад чиглэсэн төлөвлөгөө, бодлогыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах болно.


-Энэхүү боломжийг ашиглаад аймшигт халдварт өвчинтэй тэмцэж буй улс орнууд уг гамшгийг даван гарч, ард иргэд нь эрүүл энх, аз жаргалтай, инээд хөөртэй болоосой хэмээн чин сэтгэлээсээ залбирч буйгаа илэрхийлмээр байна.


-Мөн өмнөд нутгийн эрхэм нөхдөдөө халуун дулаан мэндчилгээ илгээхийн сацуу эрүүл мэндийн хямрал нь хурдан дуусаж, умард болон өмнөдийн анд нөхөд гар гараасаа барих өдөр удахгүй ирнэ гэж найдаж байна.


-Эцэст нь манай намд туушдаа итгэл үзүүлж, өвчин зовлонгоос хол, эрүүл чийрэг байгаа ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна. Ард түмэн минь урт наслаг.


БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 75 жилийн ойд зориулсан цэргийн парад, хүндэтгэлийн арга хэмжээ БНАСАУ-ын Төв мэдээний агентлаг (KCNA)-ийн гэрэл зурагчдын дуранд:


Холбоотой мэдээ