Сингапурын оршин суугчдын дийлэнх нь цаазын ялыг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-06 11:17:01

СИНГАПУР. /The Straits Times/. Сингапурын иргэд болон тэнд оршин суудаг гадны иргэдийн дийлэнх нь цаазын ялыг насаар нь хорих ялтай харьцуулахад гэмт хэргийг таслан зогсоох илүү үр дүнтэй арга хэрэгсэл гэж үзэж байна. Энэ тухай Сингапурын Дотоод хэрэг, хууль зүйн сайд Касивисванатан Шанмугам мэдэгджээ.


Дотоод хэргийн яамны хүсэлтээр өнгөрсөн онд социологийн санал асуулга явуулсан тухай тэрбээр мэдэгдсэн байна. Цаазын ялыг хэрэгжүүлж буйн хүчинд улс оронд зэвсэгт дээрэм, хар тамхины наймаа, хүний амийг хөнөөх гэмт хэргүүд гарахгүй байна гэж үзэж байгаагаа тус санал асуулгад оролцогчдын 70 орчим хувь нь илэрхийлжээ. Сингапурт оршин суудаг гадны иргэд ч мөн ийм үзэл бодолтой байгааг К.Шанмугам цохон дурдав.


Түүнчлэн 1973 онд Сингапурт 170 гаруй зэвсэгт халдлага гарсан бол ялын дээд хэмжээг нэвтрүүлснээр энэ тоо 39 хувиар буурсныг К.Шанмугам сануулан дурдаж сүүлийн 13 жилийн хугацаанд иймэрхүү төрлийн нэг ч хэрэг бүртгэгдээгүй гэдгийг онцолсон байна. "Одоо хэрэгжиж буй шүүхийн тогтолцооны хүчинд Сингапур дэлхийн хамгийн аюулгүй гзаруудын нэг болсон нь иргэдийн хувьд маш үнэ цэнэтэй юм" хэмээн тэрбээр хэлжээ. 


Хуулийн дагуу хар тамхи тээвэрлэсэн, хүн хулгайлсан, зэвсэгт халдлага үйлдсэн, санаатайгаар хүний амь бүрэлгэсэн, террорист халдлага үйлдэхийг завдсан этгээдүүдэд дүүжлэх цаазын ял оноодог байна.  

Холбоотой мэдээ