Монгол эмч нар “Стент графт” мэс заслыг амжилттай хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-10-02 15:28:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол эмч нар анх удаа өөрсдөө бие даан судсан дотуурх мэс заслын аргаар “Стент графт” буюу өмсгөлтэй стент суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэжээ.

 

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч Анагаах ухааны доктор, профессор З.Лхагвасүрэн тэргүүтэй судсан доторх мэс засал болон зүрх судасны мэс засал, зүрх судасны эмч нарын хамтарсан баг есдүгээр сарын 30-нд хоёр ташааны тараагуур судсыг хамарсан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхний эмгэгт дээрх мэс заслыг хийсэн байна.

 

 Мэс заслын үр дүнд 63 настай эмчлүүлэгч цүлхэн хагарч цус алдан хүндрэх, улмаар амь нас эрсдэх аюулаас зайлсхийж чадсан байна.



Судсан дотуурх эмчилгээний энэхүү арга нь гол судасны цүлхэн задрах, хуурах, хүндэрч нас барахаас сэргийлэхэд ихээхэн үр дүнтэй шинэ дэвшилтэт технологи бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсад эрчимтэй нэвтэрч байгаа аж. Тус эмнэлэг энэхүү эмчилгээний технологийг Монгол Улсад, өөрийн эмнэлгийн зүрх судасны лавлагаа тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, нутагшуулахыг зорьж байгаа аж.

 

Энэ хүрээнд сүүлийн 2 жил гаруйн хугацаанд эмч мэргэжилтнүүдээ гадаадын зочин профессорын удирдлага дор ажлын байрны сургалтаар бэлдэж чадавхжуулах, судсан дотуурх мэс засалд шаардлагатай нэг удаагийн эм, эмнэлгийн хэрэгслийг өндөр өртөгтэй мэс заслын хүрээнд захиалж худалдан авах зэргээр Монгол Улсад нутагшуулах чиглэлийн бүхий л үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

 

Монгол эмч нар бие даан гүйцэтгэсэн энэ удаагийн мэс заслыг Бээжингийн Нанжин Их сургуулийн эмнэлгийн судасны мэс заслын зөвлөх эмч, профессор Ли Ёонг Жун онлайнаар холбогдож, алсын зайнаас зөвлөжээ. Энэхүү мэс заслыг хийхэд дэлхийд тэргүүлэгч брендийн чанартай эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх, өндөр хурдны алсын зайн техник технологиор эмч нарыг холбон, мэс заслыг шууд дамжуулахад Лайвстрийм Монголиа, Чоно гол Трейд зэрэг байгууллага хамтран ажиллажээ.

 

Олон талын оролцоо, хүчин чармайлтын үр дүнд нарийн технологи, өндөр ур чадвар шаардсан энэхүү мэс заслыг монгол эмч нар өөрсдөө бие даан хийх боломж ийнхүү бүрдэж байгаа бол, энэ чиглэлээр гадаад улс руу эмчилгээнд явах урсгалыг багасгаж эрүүл мэндийн шалтгаант санхүүгийн эрсдэлээс хамгаалах, өндөр түвшний чанартай эмнэлгийн тусламжийг эх орондоо авах боломжоор иргэд үйлчлүүлэгч нар хангагдах юм.

Холбоотой мэдээ