Италид халдварын тохиолдлын тоо олноор нэмэгджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-10-02 09:49:05

РОМ. /The Local/. Италид пүрэв гарагт “COVID-19” халдварын 2548 тохиолдол шинээр илэрсэн нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нөөс хойш тус улсад өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр Италид халдвар авсан хүний тоо 317409-т хүрчээ.


Халдварын тохиолдлын тоо сүүлийн таван сард бүртгэгдээгүйгээр нэмэгдсэн нь шинжилгээнд хамруулсан хүний тоог нэмэгдүүлсэнтэй холбоотой бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 118236 хүнийг шинжилгээнд хамруулсан нь өмнөх өдрийнхөөс 13 мянга орчмоор илүү юм.


Италийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, пүрэв гарагт халдварын улмаас нас барсан хүний тоо 24-өөр нэмэгдсэнээр халдвар тархсанаас хойш нийт  35918 хүн нас баржээ. Мөн тухайн хугацаанд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүний тоо 11-ээр нэмэгдэж, 291 болжээ.



Эрүүл мэндийн сайд Роберто Сперанза ирэх 7-8 сард нөхцөл байдал хүнд байхыг олон нийтэд анхааруулаад, дүрэм журмуудыг дагаж мөрдөхийг ард иргэддээ уриалжээ. “Ирэх саруудад “COVID-19”-ийн вакцин, эмчилгээ гарах төлөвгүй байгаа тул эрүүл ахуйн дүрэм журмыг сайтар баримтлах хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Италийн эрх баригчид зайнаас харилцах, гараа тогтмол угаахыг үргэлжлүүлэн зөвлөж байгаа бөгөөд амны хаалт зүүх хатуу дүрмийг хэрэгжүүлж байгаа юм. Италид өглөөний 6 цагаас оройны 18 цагийн хооронд гадуур явахдаа амны хаалт заавал зүүх шаардлагатай хэвээр байна. Энэхүү дүрмийг хөл хөдөлгөөн ихтэй талбай, гудамж зэрэг хүмүүс бөөгнөрөх эрсдэлтэй бүх газарт мөрдөх шаардлагатай юм.


Мөн цагдаагийн ажилтнууд дүрэм журмын хэрэгжилтийг шалган тогтмол эргүүл хийж байгаа ба зөрчсөн тохиолдолд 1000 хүртэлх еврогоор торгож байгаа ажээ. Шинэ коронавирусний халдварыг хязгаарлах хөл хориог дөрөвдүгээр сараас сулруулж эхэлсэн Италид долоодугаар сарын сүүлээс халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эхэлжээ. 

Холбоотой мэдээ