Малчдад ноосны урамшууллыг ялгаварлахгүй өгнө

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2016-05-20 13:56:12

ХХААЯ-наас 2016 оны төсвийн багцад ноосны урамшууллын олгох санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж  бүх малчдад ноосны урамшуулал олгох болсныг мэдээллээ.

Ийнхүү ноосонд урамшуулал олгосноор хонины ноосыг төвлөрүүлэн үйлдвэрт нийлүүлэх ажил голидролдоо орж, үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдлоос гарах, нэмүү өртөг шингэсэн, экспортын ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэнэ гэдгийг албаныхан хэллээ.

Түүнчлэн 2011-2015 онд ноос угаах, самнах, нарийн ноосон ээрмэл утасны, барилгын ноосон дулаалгын материалын, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрүүд шинээр ашиглалтад оржээ.

Ноосны урамшууллыг бүх малчдад олгох тогтоол баталж урамшуулал олгож эхэлсэнд иргэд ам сайтай байна. Ноосны ченжүүд орон нутагт зохион байгуулалттай хоршоо олноор байгуулж малчдыг гишүүнээр элсүүлэх, өндөр татвар авах, ноосны урамшууллын мөнгөнөөс суутгах зэргээр хууль зөрчих явдал их байгааг салбарынхан онцолж байсан. Үүнээс үүдэн малчид хоршоонд нэгдэх сонирхол нь буурч ээ. 2014 онд дотоодын үйлдвэрт 2.6 мянган тонн ноос тушаасан 18.1 мянган малчин өрх 2.8 тэрбум төгрөгийн, 2015 онд үндэсний үйлдвэрт 1.1 мянган тонн ноос бэлтгэн нийлүүлсэн 7481 малчин өрх 1.1 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулалаа авч чадахгүйд хүрсэн байна. 

Ийнхүү нийгэмд үүсч буй дээрх нөхцөл байдлыг харгалзан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах зорилгоор ХХААЯ-наас тогтоолын үзэл баримтлалыг боловсруулан УИХ-аар батлуулжээ.

Б.Заяа

Холбоотой мэдээ