“Үндэсний цом-2020” тэмцээнд Ховд аймгийн баг түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-29 21:52:06

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөл бөмбөгийн шигшээ баг “Үндэсний цом-2020” тэмцээнд түрүүлж Улсын аварга болжээ.   

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Монголын Хөл бөмбөгийн холбоо санаачилга гарган “21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2013 оноос эхлэн “Үндэсний цом” нэртэйгээр жил бүр уламжлал болгон зохиож байна.

Энэхүү уламжлалын дагуу тус тэмцээнийг  есдүгээр сарын 14-19-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулснаар анх удаа 20 аймгийн хөл бөмбөгийн шигшээ баг оролцсон аж.

Н.Болор дасгалжуулагчтай, Э.Цогбадрал ахлагчтай Ховд аймгийн Хөл бөмбөгийн шигшээ багийнхан уг тэмцээнд дээд шатанд өрсөлдлөө. Ингэхдээ дээд шатны В хэсэгт Өмнөговь, Дархан-Уул, Увс аймгийн багтай хэсгийн тоглолтоо эхлүүлсэн юм.

Эхний тоглолтоо Өмнөговь аймгийн эсрэг хийж, С.Отгонцагаан, Н.Бямбадорж, Ц.Бат-Эрдэнэ нарын гоолоор 3:2-оор хожсон. Дараагийн тоглолтоо Увс аймгийн багтай хийж Ш.Энхтүвшин, Э.Цогбадрал нарын гоолоор 2:1-ээр хожсоноор хэсгээс гарах болзлоо хангасан аж.

Хэсгээ аль нь тэргүүлэхээ шийдэх тоглолтод Дархан-Уул аймгийн багт 0:2-оор хожигдож, 2-оор гарч хагас шигшээд Дорнод аймгийн багтай учраа таарч, Ц.Бат-Эрдэнэ, Ш.Энхтүвшин нарын гоолоор хожиж, зургаан жилийн дараа уг тэмцээний пиналд өрсөлдөх эрхтэй болсон.

Шигшээ тоглолтод өмнөх 2019 оны аварга Орхон аймгийн багтай хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн ч Ц.Отгонцагааны оруулсан цорын ганц гоолоор хожил байгуулсан байна.

Ийнхүү Ховдын аймгийн Хөл бөмбөгийн шигшээ баг  21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний Цом-2020” тэмцээнд анх удаа аварга болсон юм.

Мөн тус тэмцээний “шилдэг хамгаалагч”-аар Ховд аймгийн Хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч Н.Бямбадорж шалгарсан байна.

Ховд аймгийн Хөл бөмбөгийн шигшээ багийн хувьд тус тэмцээнээс 2013 онд хүрэл, 2014 онд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд амжилтын буухиагаа ийнхүү үргэлжлүүллээ.

Ингээд шигшээ багийн тамирчид энэ оны есдүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тэргүүтэй Хөл бөмбөгийн холбоо, Биеийн тамир, спортын газарт 2020 оны аваргын цомыг хүлээлгэн өгч, хадгалуулав. 

Энэ үеэр орон нутгийн удирдлагууд тэмцээнд амжилттай оролцсон шигшээ багийн нийт тамирчин болон дасгалжуулагч нарт баяр хүргэв. Мөн зарим тамирчдад хүндэтгэл үзүүллээ.  

Ховд аймгийн хэмжээнд хөл бөмбөгийн спортоор хичээллэж, тогтмол дасгал сургууль хийдэг 200 гаруй тамирчин бий. Мөн мэргэжлийн 3-4 дасгалжуулагч ажиллаж байна.

Аймгийн Хөл бөмбөгийн шигшээ багийнхан 2020 онд нийт зургаан тэмцээнд оролцоод байна. Улмаар хоёр алт, нэг мөнгө, хүрэл медаль тус тус хүртжээ.    

  

Холбоотой мэдээ