Бразилд хорт хавдрын эсрэг туршилтын эм хэрэглэхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-20 12:13:45

РИО-ДЕ-ЖАНЕЙРО./ТASS/. Хорт хавдрын эсрэг туршилтын эмийг хэрэглэх болон худалдахыг зөвшөөрсөн хуулийг Бразилын Холбооны дээд шүүх хүчингүй болгосон байна.

Шүүгч Луис Фукс-ийн үзэж байгаагаар, ийм төрлийн эмийг өргөнөөр хэрэглэх нь өвчтөнүүдийг уламжлалт эмчилгээнээс татгалзахад хүргэж магадгүй ажээ. Аливаа эмийг Бразилын Эрүүл ахуйн хяналтын үндэсний агентлагаас /Anvisa/ зөвшөөрөл авсны үндсэн дээр борлуулах ёстой гэж шүүгчид дээрх шийдвэрийг гаргасан шалтгаанаа тайлбарласан байна.  

Сан-Паулу хотын их сургуулийн эрдэмтдийн гарган авсан  “нийлэг фосфоэтаноламин” гэдэг бодисыг хорт хавдрыг анагаах эм хэмээн үзэж бразилчууд сүүлийн жилүүдэд өргөнөөр хэрэглэх болжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард тус улсын эрх баригчдын гаргасан шийдвэрийн дагуу уг эмний нөлөө болон шинж чанарыг тодорхойлохын тулд лабораторийн шинжилгээ хийхэд үр дүнтэй гэдэг нь тогтоогдоогүй аж. 

Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Дилма Руссефф уг эмийг худалдахыг зөвшөөрсөн хуулинд гарын үсэг зурсан байна. Харин сөрөг хүчнийхэн үүнийг “популист алхам” гэж нэрлээд, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал босч ирэнгүүт хорт хавдраар өвчилсөн хүмүүс болон тэдний гэр бүлийнхнээс дэмжлэг авах гэж оролдож байна хэмээн төрийн тэргүүнийг шүүмжлэх болжээ. Үүний сацуу Бразилын эрдэмтэд уг эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн хуулинд хориг тавихыг Дилма Руссеффт хандан уриалж байв.

Харин Сан-Паулу хотын Их сургуулийн эрдэмтэд “нийлэг фосфоэтаноламин”-ыг хорт хавдраар өвчилсөн хүмүүст үнэгүй тараасаар байжээ. Гэтэл удалгүй эрх баригчид уг эмний шинж чанарыг бүрэн гүйцэд тодорхойлоогүй гэх шалтгаанаар эл байдлыг таслан зогсоосон аж. Үүний дараа хэсэг өвчтөнүүд шүүхэд хандан, эмийн хэрэглээг зөвшөөрөх хүсэлт гаргасан бол хорт хавдар туссан хүмүүс болон тэдний гэр бүлийнхэн эмнэлгүүд рүү дайран орж, эм өгөхийг шаардсан тохиолдлууд удаа дараа гарсан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ