Шэньжэн тэнгэр баганадсан барилгуудын тоогоор Нью-Йоркийг гүйцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2020-09-25 15:43:31

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Өмнөд Хятадын Шэньжэн хот /Гуандун муж/ тэнгэр баганадсан барилгуудын тоогоор Нью-Йорк хотыг ардаа орхиж, энэ үзүүлэлтээр Хонконгийн дараа хоёрдугаарт оржээ. 


Олон улсын өндөр барилга байгууламж, хотын орчны зөвлөлийн мэдээлэлд дурдсанаар, дөчин жилийн өмнө загасчны тосгон байсан Шэньжэн хотод одоо шилэн болон бетонон 289 цамхаг сүндэрлэж байна. Эдгээр нь 150 метр болон түүнээс дээш өндөр /дунджаар 40 давхар/ бүрэн баригдаж дууссан барилгууд юм. Харин Америкийн хамгийн том метрополис хот болох Нью-Йоркт тэнгэр баганадсан ийм 283 барилга байдаг аж.


Энэхүү жагсаалтыг 354 өндөр барилгатай Хонконг тэргүүлсэн хэвээр байна. Жагаалтын эхний тавд мөн Дубай /202/, Шанхай /165/ хотууд оржээ. 


Өндөр барилгууд хамгийн эрчимтэй баригдсан орнуудын жагсаалтыг БНХАУ /2204 өндөр барилгатай/ тэргүүлжээ. Тус улсын энэ үзүүлэлт АНУ-ынхаас /808/ бараг гурав дахин их байна. АНУ-ын дараагаар Япон /259/, АНЭУ /255/ болон БНСУ /231/ бичигджээ. 


Холбоотой мэдээ