“Novavax” компанийн вакцины гуравдугаар үе шатны туршилт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-25 12:15:47

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн биотехнологийн “Novavax” компани коронавирусний вакцины гуравдугаар үе шатны туршилтаа эхлүүлжээ.


Их Британид болох уг туршилтад 18-84 насны 10 мянга орчим  хүнийг хамруулах аж. Эрх баригчид туршилт явуулахад нь дэмжлэг үзүүлнэ хэмээн “Novavax” компани мэдэгдсэн байна.


Коронавирусний вакцин гарган авахад нь зориулж АНУ-ын Засаг захиргаа 1.6 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон тухай “Novavax” 7 дугаар сард мэдэгджээ. 2020 оны эцэс гэхэд 100 сая тун эм нийлүүлнэ гэдгээ компани тухай үедээ мэдэгдэж байсан аж. Эмнэлзүйн туршилтын эхний үе шатыг Мельбурн хотод 5 дугаар сард эхлүүлсэн юм.


Оксфордын их сургуультай хамтран вакцин гарган авч буй Их Британи Шведийн “AstraZeneca” компанид АНУ-ын эрх баригчид 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон юм. Үүнээс гадна Америкийн биотехнологийн “Modern” компанид 486 сая ам.доллар, “Johnson & Johnson” компанид 456 сая ам.долларын санхүүжилтийг тус бүр хуваарилсан байна. АНУ-д мөн “Merck”, “Pfizer” компаниуд вакцин гарган авахаар ажиллаж байна.


Америкийн вакцин ойрын хугацаанд бэлэн болно хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь нэг бус удаа мэдэгдсэн. Түүнчлэн сонгуулиас өмнө вакцин бэлэн болж магадгүй байгааг тэрбээр үгүйсгээгүй юм. 

Холбоотой мэдээ