Бизнесийн төлөөллийн байгууллагын 60 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-25 11:58:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимыг үүсгэн байгуулсны 60 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байна. 

Монголын бизнесийн төлөөлөл, нөлөөллийн хамгийн том олон нийтийн байгууллага МҮХАҮТ-ын түүхэн товчоог дурдвал, анх 1960 онд тэр үеийн БНМАУ-ын Гадаад Худалдааны яамны дэргэд Худалдааны танхим нэртэй байгуулагдаж, 1961 онд БНМАУ-ын Худалдааны танхим, 1989 онд Монголын Худалдаа, Аж үйлдвэрийн танхим, 1995 онд үндэсний гэсэн тодотголтойгоор ажиллаж ирлээ.

Анх 12 гишүүн байгууллагатай ажиллаж эхэлж байсан МҮХАҮТ өнөөдөр эгнээндээ 5063 гишүүн байгууллагатай болж, үйл ажиллагааны цар хүрээгээ өдрөөс өдөрт тэлсээр байна. Энэхүү 60 жилийн ойн баяр нь баялаг бүтээгч мянга мянган бизнес эрхлэгч, Монгол Улсад татвар төлөгч, эдийн засгийн эргэлтийг бий болгож буй хүн бүрийн баяр юм.  

Монголын баялаг бүтээгч бизнес эрхлэгчид өнөөдөр 1.1 сая хүнийг ажлын байраар ханган, хувийн хэвшил улсын төсвийн орлого болон ДНБ-ийн 80 хувийг дангаар бүрдүүлж байна. Манай улсад 95 ААН бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн дийлэнх хэсэг МҮХАҮТ-ын гишүүнчлэлтэй, гишүүн бус ААН-үүд ч гэсэн Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимаас үзүүлж буй үйлчилгээг авч, төлөөлүүлж өмгөөлүүлж байна. 


МҮХАҮТ-ын 60 жилийн ойг "Дэвшилд хөтөлсөн жаран" уриан дор тэмдэглэж байна. Энэ өдөр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин  Монголын бизнест шинэ жарны үүд нээгдэж буйг онцолж байна. 

Тэрээр, төр, хувийн хэвшлийн дунд гүүр болж ирсэн Танхим эрх зүйн орчноо шинэчлэн сайжруулахаар зорьж, энэ хүрээнд Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулга бэлэн болсныг дуулгалаа. "Эдийн засгийн өнөөдрийн хүндрэлийг төр, хувийн хэвшил хамтарч байж л даван туулна. Тиймээс итгэлцэл, ойлголцол чухал" гэдгийг тэмдэглэв.


Холбоотой мэдээ