Хятад улс гурван төрлийн оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийг хил нэвтрэхийг зөвшөөрөв
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улс энэ сарын 28-ны өдрөөс эхлэн гурван төрлийн оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг зөвшөөрч байгаагаа мэдэгдлээ.
Тодруулбал, цар тахлын нөхцөл байдал болон түүнээс сэргийлэх, хянах ажлын хүрээнд энэ оны 3-р сарын 26-ны өдөр тус улсын Гадаад харилцааны яам, Үндэсний Цагаачлалын удирдах газар хамтран гаргасан “БНХАУ-д виз болон оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй байх мэдэгдэл”-д өөрчлөлт оруулсан байна. Үүнд:
БНХАУ-д ажиллах, хувийн хэргээр болон гэр бүл ойр дотны хүнээ эргэхээр зорчиж буй гадаадын иргэд дахин виз мэдүүлэх шаардлагагүйгээр энэ сарын 28-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэхийг зөвшөөрсөн байна.
Мөн дээр дурдсан гурван төрлийн оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа энэ оны 3-р сарын 28-ны 00 цагаас хойш дууссан гадаадын иргэний зорчих зорилго өөрчлөгдөөгүй тохиолдолд хугацаа дууссан оршин суух зөвшөөрлийг үндэслэн БНХАУ-аас өөрийн улсад суугаа ЭСЯ-нд холбогдох материалыг бүрдүүлж виз мэдүүлнэ.
Түүнчлэн гадаадын иргэд нь БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа холбогдох хорио цээрийн дэглэмийг чандлан дагаж мөрдөнө.
Мөн 3-р сарын 26-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн бусад арга хэмжээнүүд хэвээр үргэлжлэх бөгөөд Хятадын тал цар тахлын аюулгүй байдлыг бүрэн хангахын сацуу гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэх ажлыг шат дараатайгаар хийж гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдсэн байна.