Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-09-23 20:53:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор хотноо ажиллаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн ард иргэдтэй хийсэн уулзалтад Баянхонгорынхон аймгийн Хөгжимт драмын театрт олноор цуглаж, 500 гаруй иргэн оролцов.

Ерөнхийлөгч орон нутгийн иргэдтэйгээ жил бүр уулзан санаа бодлыг сонсож, ажил хэрэг болгох зорилго байдаг бөгөөд энэ жил "Ковид 19" цар тахлаас шалтгаалан уулзалтууд намар болж байгааг онцолсон. Ийнхүү хурал эхэлж, театрын индэрт Ерөнхийлөгчөөс гадна долоон иргэнийг сууж уулзалтын үйл ажиллаганд оролцохыг урьсан юм. 

Нутгийн ард иргэд голчлон мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ихэнх нутгаар гантай, зуншлага тааруу байсантай холбоотойгоор зудын аюул ойрхон байгаа энэ үед төр засгийн бодит дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байв. Мөн олон жил яригдсан Дулааны цахилган станцын ажил хэзээ эхэлж, хэдийд ашиглалтад оруулахыг асуусан хүн нэг биш байлаа.

Монгол Улсын Гавьяат эмч Б.Чулуунбат Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төв байгуулахаар ажлаа эхэлсэн бөгөөд бодит дэмжлэг хэрэгтэй байгааг уламжилтсан бол Баянхонгор аймгийн Хүүхдийн зөвлөлийн төлөөлөл н.Мөнх-Эрдэнэ аймагтаа Олон улсын хүүхдийн зуслан барьж байгуулж өгөөч гэх саналыг тавьсан юм. Ерөнхийлөгч тухайн асуудлуудыг судлан, зохих хүмүүс уламжилж, ажил хэрэг болгоход тусална гэдгээ хэлсэн.

"Манай орны хувьд малын тоо толгой маш их, хүн амын тоо гурван сая. Төрийн бодлогод юу дутагдаж байна вэ гэхээр, Мах, ноос, арьс шир боловсруулах үйлдвэрийн дутмаг байдал. Одоогоор бол Дархан хотод 10 сая ширхэг арьс боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлээд явж байна. Үүнийг төр бодлогодоо оруулж явах ёстой, хувийн хэвшил, төр хамтран хийх ажил. Малчид эндээс хувьцаа авах ёстой. Яагаад гэхээр нэгдүгээрт малчид арьс ширээ зарж борлуулаад ашгаа авна, хоёрдугаарт арьс шир боловсруулсан ашгаас ногдол хүртэх юм. Энэ мэт байдлаар бид байнга асуудал дагуулдаг сэдвээс гарна" гэдгийг Ерөнхийлөгч хэлж байв.

Мөн "Олон жил яригдсан төмөр замын асуудал өнгөрсөн оны наймдугаар сард эхэлсэн, ажил энэ онд 700 орчим км төмөр замын далангийн ажил 80-90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Тэнд 4-5 мянга орчим залуус 2.6-10 сая төгрөгийн цалин хангамжтай ажиллаж, нэг жилийн дотор гэхэд ажлын гүйцэтгэл маш сайтай, бидэнд хийж бүтээх боломж байгаа нь эндээс харагдаж байна" гэдгийг онцолсон юм.

Шударга ёс алдагдсантай холбоотой асуудал мөн хурлын үеэр хөндөгдөж байлаа. Иргэн хүн хэрэг хийхэд ял нь бэлэн, цагаан захтнууд хэрэг хийхэд шагнал аваад явчихдаг талаар иргэд шүүмжилж байсан. Ерөнхийлөгч, "Түмний итгэл хүлээж төрд гарсан, өндөр албан тушаал хашдаг хүмүүс хэрэгт холбогдох байдал байгаа, төрийн мөнгийг ойр тойрныхноороо нийлэн завшдаг байсан нь нууц биш болсон. Олон тэрбум төгрөг зориулалтын бусаар орон нутагт очиж мөнгө угаагддаг болсон" гэдгийг хатуухан хэлж байлаа. 

Холбоотой мэдээ