Шударга ёс, нээлттэй байдлыг хүссэн жижиг дунд үйлдвэрлэгчид /Цуврал-2/

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-09-23 18:56:18

Дорноговь /МОНЦАМЭ/.Бизнес хийх боломж, төрийн байгууллагын ил тод байдал, зарим зээлийн сонгон шалгаруулалт хийгээд бизнесийг дэмжсэн тогтвортой бодлого үгүйлэгдэж буй тухай энэ хэсэгт онцлов.

Аливаа юм бүхэн багаас эхэлдэг учир өрхийн үйлдвэрлэлээс жижиг дунд үйлдвэрлэлийг бүтээж цаашлаад томоохон корпораци болон өсч дэвжих боломжийн төлөө л бизнес эрхлэгчид зүтгэдэг билээ.




Урмыг нь хугалахаар...         

                                                                                 


Энэ зураг бол Сайншанд сумын “Цагаан сүүний буян” ХХК-г үүсгэн байгуулсан Ж.Алтанцэцэгийн үнээний ферм. Алтанцэцэг олон жилийн өмнөөс багшийн ажлаа орхиж бизнес хийж эхэлсэн юм.

Сайншанд сумаас урагш 20 гаруй км-т байх үнээний фермд нь очиход сааль сүүний цаг дуусч үхэр сүрэг бэлчээртээ гарах дөхсөн байлаа.

Сүү, тараг, өрөм, шар тос, ааруул, бяслаг гээд найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнесээ тэрээр найман жилийн өмнөөс эхэлж өдийг хүртэл үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд 100 гаруй үхэртэй болж 12 хүнийг ажлын байраар тогтмол хангахын зэрэгцээ Сайншандын сүү, цагаан идээний хэрэгцээний 5 хүрэхгүй хувийг хангадаг болжээ.

Мөн банкнаас хөрөнгө барьцаалж 50 сая төгрөгийн зээл аваад 80 үхрийн фермийн хашаа барихаар ажлаа эхэлсэн байна. Хагас эрчимжсэн аж ахуйг байгуулахад ихээхэн хөдөлмөр хүчин зүтгэл хэрэгтэй. Амар ажил биш.

Энэ чиглэлээр тууштай ажиллаж чадвал 10-20 үнээний ферм байгуулахад ч боломжийн бөгөөд сумын хэрэгцээний тодорхой хувийг хангаж импортын бүтээгдэхүүнийг орлох боломж бүрдэнэ. Өмнө нь өндөр хүүтэй зээлд хэд хэдэн удаа хамрагдаж байсан.

Харин  ЖДҮДС-гийн зээлийг тун боломжийн бөгөөд байгаа онож чадвал жижиг бизнес эрхлэгчдэд дэмжлэг болно гээд өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм. Энэ жил ЖДҮДС-гийн зээлд хамрагдахаар материалаа өгсөн ч ямар хариу гарсныг олж сонсоогүй байна.

Гэхдээ тухайн шалгуураас гадна ЖДҮДС-гаас хөдөөг зорьж зээлийн асуудлыг судалж яваа хүмүүсийн ажилдаа хандах хандлага, бодит байдлыг ойлгож мэдрэх ухаан байхгүйд тэрээр сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн юм.

Зээлийн шалгуур, тухайн бизнесийн нөхцөл байдал хоёр тэс өөр бөгөөд бодит байдлыг сайтар мэдэхийг албаныхан ойлгохыг хүсдэггүй гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн гэв. 


“Итгэлийн зээл” хэрэгтэй байна



"Цагаан сүүний буян"ХХК-ийн захирал Ж.Алтанцэцэг


Найман жил нэг л бизнес хийхдээ ганцхан л банктай хамтарч ажиллаж ирсэн. Байхгүйгээс  бүхнийг эхэлж өдийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байхад банк надад үл итгэсэн хэвээр л.

Компанийн орлого зарлага, эд хөрөнгө хийгээд нөхөр, хүүхдийнхээ орлого зарлага гээд бүх зүйлээ банкинд тайлагнадаг. Олон жил тогтвортой харилцаж ирсэн аж ахуй нэгжийг банк санхүүгийн байгууллага ойлгож зээл олгохдоо ирээдүйн орлого, одоогийн орлого, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны гэрээ болон бусад зүйлсийг барьцаалан “Итгэлийн зээл" олгох хэрэгтэй байна.

Санхүүгийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадвал жижиг дунд үйлдвэрлэл сэргэж гадаадаас импортоор орж ирдэг сүү, сүүн бүтээгдэхүүнийг орлох боломжтой гэсэн юм. Шаардлага гарахад л таван минутын дотор хүссэн зээлээ авдаг болбол бизнес сэргэнэ. Мөн зээлийн санхүүжилт эх үүсвэрийн хэмжээ бага байгааг онцолсон.

Тэрээр хавтгайруулсан халамжийн бодлого хүнийг ажил хийх сонирхолгүй болгож байгаа тул “Халамжийн хууль-”ийг өөрчилж “Дэмжлэгийн хууль” болгон батлах хэрэгтэйг дурдсан юм.

Эрүүл бөгөөд ажлын чадвартай хэрнээ халамжийн сангаас мөнгө авдаг өдий төдий гэр бүлийн тухай дурдсан юм. Ажил хийгээгүй хүн мөнгөн дэмжлэг авч ажил хийсэн нь дэмжлэггүй хоцордог байдлыг халахыг хүссэн.  


 Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн шалгуурыг найман төсөл хангажээ



Дорноговь аймгийн ХХААГ-ын жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Норжмаагаас ЖДҮДС-гийн талаар зарим зүйлсийг тодруулсан юм.

Дорноговь аймгийн ХХААГ-т ЖДҮДС-гаас зээл хүссэн нийт 24 төсөл ирсэн. Харин зээлийн нийт санхжүүжилт 660 сая төгрөг.

Бид анхан шатны судалгаа хийж зургаан төслийг хасч нарийвчилсан байдлаар 18 төслийг үлдээж ЖДҮДС-руу материалыг нь явуулсан. ЖДҮДС-гийн Ажлын хэсэг тухайн 18 төсөлтэй газар дээр нь ирж танилцсанаар эдүгээ фермерийн, жимс ногооны чиглэлээр, сав баглаа боодлын, ариутгал халдваргүйтгэл, аялал жуулчлал гэсэн найман чиглэлээр төсөл сонгон шалгаруулсан.

Гэхдээ албан ёсоор гэрээ байгуулж санхүүжилтийг олгоогүй байгаа юм. Төслийн шалгаруулалтыг хийхдээ нөхцөл байдлыг үнэлж дүгнэн шударга байдлыг хангаж ажилладаг. Шалгарсан төслийн эзэд төсөл сонгон шалгаруулах дэд Хорооны хурлаар өөрсдийн төслөө  хэлэлцүүлэн хамгаалсан.

Энэ хороонд найман хүн багтдаг бөгөөд дөрөв нь төрийн бус байгууллагын төлөөлөл юм. Эцэст нь төслийн хэрэгжих үндэслэлийг тодорхойлж анхан шатны судалгааны оноо, нарийвчилсан судалгааны оноо, дэд хорооны оноог нэгтгэж төслийг эрэмбэлсэн гэв.

Энэ жил шалгаруулах журамд “Ковид-19” цар тахалтай холбогдуулан цахим худалдаа, ариутгал халдваргүйжүүлэх чиглэлээр төсөл хүлээн авахаар заасан байна.

Мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, хүлэмжийн зэрэг есөн салбарын, долоон чиглэлээр  20 саяас 300 сая төгрөг хүртэл  санхүүжилт авах боломжтой юм.

Журмаар 0-10 хүртэлх ажилтантай 100 сая хүртэлх борлуулалтын орлоготой төсөлд 20-100 сая хүртэлх хэмжээний санхүүжилт олгох боломжтой аж.  

  

Мэдээллийн ил тод байдал хангалтгүй


АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй ”Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” зорилготой BEST хөтөлбөр Монгол Улсын найман аймагт энэ оноос хэрэгжиж байна.

Төслийн багийнхан ХХААЯ-ны ЖДҮ-ийг хөгжүүлэх сан хийгээд найман аймгийн Хөдөө аж ахуйн газар, ХХҮХ, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, найман аймгийн төв болох сумдын ЗДТГ, зургаан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Баянхонгор аймгийн “Үйлдвэржилт хөгжлийн корпораци” ХХК, “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” зэрэг байгууллагыг хамруулан төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй байдалд судалгаа хийжээ.

Нээлттэй байдлын үнэлгээг үзэхэд дээрх  байгууллагын 22 хувийнх нь мэдээлэл нээлттэй, үлдсэн 78 хувийнх нь мэдээлэл ил тод бус байдаг гэжээ.

Аймгуудын ХХААГ-ын  мэдээллийн 17 хувь нээлттэй, 82 хувь нь хаалттай байгаа бол Дорноговь аймагт мэдээллийн ил тод байдал 15 хувьтай байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдийн хүссэн мэдээлэл хангалттай хэмжээнд ил тод биш байна. Харин санхүүжилт олгох үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг үзэхэд Баянхонгор,Завхан, Ховд аймагт  хамгийн бага буюу 13 хувь байгаа бол Орхон аймагт 58 хувь, ЖДҮДС-ийн хүрээнд 70 хувийн нээлттэй гэжээ.


Бизнес эрхлэгчдийн 41.3 хувь нь  ЖДҮДС-гийн зээлийн үйл ажиллагаанд “Муу” үнэлгээ өгчээ


BESТ” төслийн судалгаанд оролцогчдын 41.3 хувь нь ЖДҮДС, Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд муу үнэлгээ өгсөн бол 30 хувь нь сонгон шалгаруулах үйл ажиллагаа шударга бус, эрх бүхий албан тушаалтны нөлөөллөөр явагддаг гэж хариулжээ.

Харин төрөөс санхүүжилт олгох шийдвэр гаргалтад төрийн бус байгууллагууд оролцож болдог гэдгийг 70.1% нь мэддэггүй бa энэ нь төрийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл нээлттэй бус байдгаас хамаарч байгааг онцолсон байна.



Үрэлгэн төсвөөс үр дүн хүлээгээд нэмэргүй


Улс орныг томоохон айл гэвэл хүүхдүүдийнх нь нэг Дорноговь аймаг дэлхийг хамарсан цар тахлын үед төсөвтөө ямар бодлого баримталж буй талаар цухас дурдъя. Есдүгээр сарын 20-нд болсон аймгийн ИТХ-аар мөн л орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн юм.

Дорноговь аймгийн төсөв 2016 онд 18 орчим тэрбум төгрөг байсан бол эдүгээ 35.6 тэрбум болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт жил бүр нэмэгдсэн гэсэн үг. Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв 15.4 тэрбум, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг төсвийн байгууллагуудын төсөв 36.3 тэрбум бөгөөд тус аймгийн жилийн нийт төсөв 87.2 тэрбум болно.

Үүн дээр гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүд, хандив тусламжийг тооцвол Дорноговь аймгийн хөрөнгө оруулалт 100 тэрбум давна. Аймгийн ИТХ цар тахлын үед төсвийн хэмжээг нийт 1.2 тэрбум төгрөгөөр бууруулан 34.4 тэрбум төгрөгөөр тодотгосон хэдий ч 15 төсөл арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэн тодотгожээ.

Гэхдээ шинээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний зардлыг хуучин оны үлдэгдэл болох 1.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасан байна. Өөрөөр хэлбэл төсөвтөө бодит тодотгол хийлгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн нь энэ.

Дэлхийг хамарсан цар тахлаас сэргийлэх зорилгоор Монгол Улс бүх хилээ хаасан бөгөөд Замын-Үүдийн хилээр зорчих зорчигч тээврийн үйл ажиллагаа зогссоноос шалтгаалж бичил татвар төлөгчдөөс хураах татвар энэ оны хоёрдугаар сараас эхлэн зогссон тул Замын-Үүд сумын үйл ажиллагааны орлогын татвар 1.2 тэрбум, тус суманд гадаадын иргэдээс төвлөрүүлж байгаа улсын тэмдэгтийн хураамжийн орлого болох 437.8 сая төгрөг тасарсан аж.

Энэ оны есдүгээр сарын байдлаар аймгийн нийт орлого 25.9 тэрбум төгрөг оруулахаар төлөвлөснөөс 22.5 тэрбум төгрөгийн орлого оруулсан. Одоогоор 3.2 тэрбум төгрөг оруулж чадвал төлөвлөгөө биелэх гэнэ.  Гэтэл хамгийн ихдээ 1.5 тэрбум төгрөг оруулах боломжтой бөгөөд цаашдаа жилийн эцэс гэхэд төлөвлөсөн орлого тасрах нөхцөл бүрдсэн талаар албаны хүн өгүүлсэн юм.

Албаныхан төсвийг бодитой тодотгохоос илүү орон нутгийн сонгуулийн өмнө тойрог сум бүрт байшин барих, тохижилт үйлчилгээ хийх зэргээр төсвийг хөөсрүүлэн баталдаг зүйл нийтлэг оршсоор байгаа юм.

Уг нь дэлхийг хамарсан цар тахлын үед байшин барих, зам барих, тохижилт хийх, шаардлагагүй худалдан авалт хийх, илүү хангамж зардлаас татгалзах нь чухал билээ. 

Бизнесийн орчныг сайжруулж орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргаж жил бүр жижиг дунд бизнес эрхлэгч нарт зориулсан хүү багатай, урт хугацааны зээлийг тодорхой журмын дагуу олгох боломжтой юм.

Ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлж эдийн засгийг хөхиүлэн дэмжсэн томоохон ажил болох боломж бий.


Төгсгөл        



Сайншанд дахь "Ашиг хоргын чулуу" ХХК.  Өндөгний аж ахуй

Өөр нэг жишээ дурдвал Сайншандын өндөгний хэрэгцээний 80 гаруй хувийг дангаараа хангадаг “Ашиг хоргын чулуу” ХХК-ийн захирал Ё.Нямдорж мөн л ЖДҮДС-гаас зээл авч чадаагүй.

Учрыг тодруулахад барьцаа хөрөнгөгүй гэсэн шаардлагаар хасагдсан гэлээ. Заавал барьцаа хөрөнгө гэлгүйгээр эргэлтийн хөрөнгө, тогтмол үйл ажиллагааг барьцаалан зээл олгох боломжийг арилжааны банкууд нэвтрүүлэх цаг болжээ.

Олон жил улиг болтлоо яригдсан жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг эрх мэдэлтнүүдийн гэр бүл, хамаарал бүхий этгээдүүд хуваагаад хүртдэг жишээ гарсан болохоор итгэл алдарсан гэх.

Гэлээ ч жилийн гурван хувийн хүүтэй боловсруулах салбарын хөгжлийг илүү дэмжих зорилготой зээлд хамрагдахаар Ж.Алтанцэцэг, Н.Бат-Эрдэнэ, Ё.Нямдорж шиг зуу зуун бизнес эрхлэгч материалаа жил бүр  бүрдүүлж өгсөөр байх болно. Тэдний урмыг хугалахгүйн тулд зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж  шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй болох нь.

Дорноговь аймгийн эдийн засаг үйлдвэрлэл гэхээсээ илүү үйлчилгээ, худалдаа давамгайлсан бүтэцтэй. Үйлдвэрлэл хомс. Аймгийн төсвийн нийт орлогын 45 орчим хувийг хангадаг Замын-Үүд хил хаагдсанаар орлого эрс муудсан. Учир нь энд ямар ч үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй юм. 

Дорноговь аймагт өрхийн үйлдвэрлэлээс жижиг дунд бизнесийн боломж нөхцөл рүү зүтгэж буй 250-300 бизнес эрхлэгч бий аж. Үүний 100 г нь дэмжихэд л орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл бодитоор хөгжих боломж байгаа гэж албаныхан тодотгосон юм. 

Тиймээс зээлийн шалгаруулалтыг нээлттэй болгох, албан тушаалтнуудын бизнесийн талаарх мэдлэг ур чадвар, харилцааг сайжруулах, албан тушаалтныг тогтвортой ажиллуулахыг шаардлага тулгарч байна.

Хил орчмын худалдааг нэмэгдүүлж Замын-Үүдийн Чөлөөт бүсэд бизнес эрхлэгчдэд зориулсан худалдааны төвийг нээх, Өвөрмонголын зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг гаргах, байнгын орлогын эх үүсвэрийг буй болгох талаар бодлогын шинжтэй ажил хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.

Мөн шударга байдлыг эрхэмлэж зээлийн санхүүжилтын хэмжээг нэмэгдүүлэн орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг бодитоор дэмжих шаардлага буй.

Хэрэв зээлийн асуудалд үзэмжээр хандаж, хэн нэгэнд давуу байдал олгосоор байх аваас тэдний урмыг хугалсаар байх болно. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг дээ.

Холбоотой мэдээ